Оросын эдийн засаг «Их хорины» орнуудын дотор хамгийн тогтонги амжилттай хөгжиж байна. Британийн Financial Times сонины газраас зохиосон G20 бүлгийн орнуудын санхүүгийн тогтонги байдлын рейтингээр Орос улс 2-р байр эзлэв. Мөн Саудын Арави 1-р байр эзлэж, Хятад гуравт орсон байна. Сонины сэтгүүлчид эдгээр улсын эдийн засгийн хэдэн үзүүлэлтийг үнэлжээ. Харин дэлхийн хямрал ахин гарсан нөхцөлд улс орны санхүүгийн байдал тогтонги байх үзүүлэлт давамгайлав.

Рейтинг зохиосон Financial Times сонины газар дэлхийн тэргүүлэх орнуудын макро эдийн засгийн хэдэн үзүүлэлт түүний дотор ДНБ-ний өсөлт, улсын төсвийн алдагдлын хэр хэмжээ, ажилгүйдлийн түвшинг харгалзав. Орос улс эхний гурван тэргүүлэгчдийн дотор байгаа нь мэдээжийн хэрэг. Манайд ажилгүйдэл 5 хувиас хэтрэхгүй байна. «Их хорины» чуулга уулзалтад уламжлалт ёсоор оролцдог Испанийн ажилгүйдлийн үзүүлэлт түүнээс тав дахин илүү байгааг харшуулж болно. Түүнээс гадна Орос улсын өөр нааштай хэдэн үзүүлэлтийг дурдаж болно гэж «Оросын санхүүгийн корпораци» банкны ерөнхийлөгч Андрей Нечаев хэлээд

«Бусад улсыг бодоход Орос өрийн ачаалал багатай. Харьцангуй бага ажилгүйдэл, импортыг найдвартай хангаж байгаа алт валютын нэлээд их хэмжээний нөөц, эдийн засгийн өсөлтийн хурдац зэрэг макро эдийн засгийн үзүүлэлтийг үүнтэй холбогдуулан дурдаж болно» гэв.

Британийн сонины газар ямар нэг улс хямралаас яаж гарсныг бас харгалзав. G20 бүлгийн гишүүн европын олонхи орны ийм үзүүлэлт таагүй байна. Европын 27 улсыг нэгтгэсэн ЕХ-ны эдийн засаг ахин унасан гэж саяхан Брюссель тэмдэглэв. Харин Оросын энэ оны эдийн асгийн өсөлт бараг 4 хувь боллоо. Британийн сэтгүүлчид европын хямралын нөхцөлд улс орнуудын тогтонги хөгжлийг үнэлжээ. «Вектор Секьюритиз» хөрөнгө оруулах компанийн шинжлэн судлах газрын захирал Александра Лазовая хэлэхдээ

«Саудын Арави, Орос, Хятад улсууд мөн рейтингээр эхний гурван байр эзлэсэн учир зохиогчид нь гол төлөв улс орны өр болон эдийн засгийн донсолгоо гарвал хэрэглэх нөөцийн хэмжээг харгалзсан гэсэн дүгнэлт хийж болно. Жишээ нь Хятадын нөөц төрийн өрийн хэмжээнээс 4, Саудын Аравийнх 5 дахин илүү байна. Оросын нөөцийн хэмжээ төрийн өрийн хир хэмжээтэй бараг тэнцэж байна» гэв.

Хятадын гадаадад тавьсан өр ДНБ-ний нь дөнгөж 20 хувь эзлэж байгаа боловч орон нутгийн ба бүс нутгийн засгийн өрийг оролцуулвал ДНБ-ний 90 хувь эзлэсний дурдая.