Олон мянган залуучууд эрх мэдлээ өргөжүүлэх тухай Египетийн ерөнхийлөгч Мухаммед Мурсийн шийдвэрийг хилэгнэн зэвүүцэж, өчигдөр орой Каирын төв Тахрир талбайд гарав. Ерөнхийлөгч Мурси «төрийн эргэлт» хийсэн гэж тэд үзэж,түүнийг огцруулахыг шаардав. Цагдаа нар эсэргүүцэгчдийг талбайгаас шахан зайлуулахын тулд нулимс асгаруулах хий хэрэглэв. Эсэргүүцлийн цуглаан жагсаал Александрия, Порт-Саид, Суэцэд хийжээ. Цагдаа нартай мөргөлдөх тохиолдол гарав. Ерөнхийлөгчийн талынхан ч цуглаан хийлээ. Египетийн нийгэм хагаран бутрасныг сүүлийн үеийн үйл явдлууд тод харуулж байна.

Пүрэв гаригт ерөнхийлөгч Мурси шинэ парламентыг сонготол өөрийгөө хууль тогтоох бүрэн эрхтэй болгох зарлиг гаргав. Түүнчлэн мөн зарлигаар Египетийн шинэ Үндсэн хуулийг боловсруулах комиссын үйл ажиллагааг хянан шалгах шүүх байгууллагын үүргийг хасав. Ерөнхийлөгч египетийн хувьсгалын эрх ашигаас урван тэрслэж, дарангуйлан захиргаадах дэглэм тогтоох тийш эргэлт хийж байна гэж түүнийг эсэргүүцэгчид мэдэгдэв.

Мурси Египетэд лалын төлөөний байр суурийг дээдлүүлэхийг санаархсан гэж зэмлэсэн байна. Мухаммед Мурсийн тус шийдвэр АНУ ба ЕХ, НҮБ-ыг түгшүүлэв. Ерөнхийлөгчийн зарлиг ардчилалд шилжих сунжирсан үеийг эрчимжүүлэх зорилготой гэж ерөнхийлөгчийн туслах мэдэгдэв. «Би бүх египет хүний төлөө байна» гэж өөрийн хариуд Мурси мэдэгджээ. Нийгэм,эдийн засгийн байдлыг тогтонги болгохыг хичээж, хувьсгалын үзэл санааг баримталж байна гэж Египетийн ерөнхийлөгч Мурси нэмж хэллээ.