Сирийн дотоодын мөргөлдөөнийг цэргийн хүч хэрэглэх замаар зохицуулж болохгүй гэдэгт Орос улс хатуу итгэж байна гэж өнөөдөр ОХУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Александр Лукашевич мэдэгдлээ. Сирийн ард түмэн л цуст ажиллагааг зогсоохын тулд засаг, сөрөг хүчний харилцан ажиллагааны механизмыг эрэх нь мөргөлдөөнийг зохицуулах цорын ганц зам мөн.Түүнчлэн хөндлөнгийн оролцлогыг няцааж, ардчилсан өөрчлөлт гаргах хэрэгтэй гэж дипломат ажилтан үзэж байна.

Иймээс «Пэтриот» пуужингуудыг Түркийн нутаг дэвсгэрт байрлуулах нь аюултай дохио болж мэднэ гэж Александр Лукашевич мэдэгдлээ. Москва сирийн сөрөг хүчинд нөлөөлөх боломжоо ашиглахыг Анкарад зөвлөж байна. Дипломат ажилтан Түрк улсад хандан «цэргийн хүчээ нэмэгдүүлж, байдлыг аюултай голдрилд шилжүүлэхээс» татгалзахыг уриалав. Одоохондоо нөхцөл байдлыг тайлбарлахад хэцүү гэж Лукашевич онцлов. «НАТО-гийн түншүүд ямар хариу өгөхийг үзье» гэж дипломат ажилтан тэмдэглэжээ. Ийм алхам улс төрийн зохицуулалтад хэтдээ хэрхэн нөлөөлөхийг одоогоор хэлэхэд хэцүү гэж тэрээр хэллээ.

Эвсэл пуужин байрлуулах Түркийн эрэлт хүсэлтийг нэн даруй авч үзнэ гэж НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен мэдэгдсэн тухай үүний өмнө мэдээлсэн билээ. Пуужин байрлуулах нь НАТО-гийн дүрэмд бүрэн нийцэж байгаа өөрийгөө хамгаалах арга хэмжээ юм гэж өөрийн хариуд Түркийн ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган мэдэгдэв.Эдгээр пуужинг цэргийн мэргэжилтнүүдийн сонгож авсан газарт байрлуулна гэж тэрээр хэлжээ.