Уралын томоохон хот  Екатеринбург нь дэлхийн “Экспо-2020” үзэсгэлэнг зохион явуулах боломжтой болж байна.11-р сарын 22-нд Парисд болсон Олон улсын үзэсгэлэнгийн товчооны Ерөнхий ассамблейн хуралдаан дээр оросын мэдэгдэлийг танилцуулах ээлжит өдөрлөг болно.

Анх 1851 онд Лондонд техникийн дэвшилийн түгээмэл үзэсгэлэн гарч байсан бол хамгийн сүүлийн үзэсгэлэн 2010 онд Шанхайд зохиогджээ. “Экспо” нь таван жилд нэг удаа болдог. 2020 онд Европ, Азийн хил дээрх Екатеринбург хот нь дэлхийн 200 гаруй орны төлөөлөгчдийг хүлээн авахад бэлэн байгаа төдийгүй 30 гаруй сая хүн уг үзэсгэлэнг үзнэ гэж төлөвлөж байна.

Уралын нийслэл хот ялалт байгуулсан тохиолдолд, уг арга хэмжээнд бэлтгэхэд найман жил үлдэж байна. Олон улсын үзэсгэлэнг зохион явуулахын тулд хотоос 400 га талбай газар олгох юм. Үзэсгэлэн нь цар хүрээгээрээ зөвхөн Шанхайн үзэсгэлэнгээс л арай бага байна гэж “Экспо-2020” мэдэгдэл гаргах хорооны ажиглагчийн зөвлөлийн тэргүүн, Екатеринбург хотын дарга асан Аркадий Чернецкий “Оросын дуу хоолой” радиод ийн өгүүлсэн юм.

«Өнөөдрийн байдлаар Екатеринбург хот бол эрчимтэй хөгжиж байгаа оросын томоохон хотуудын нэг юм. Энд оюуны болон соёлын нөөц бололцоо төвлөрсөн хот. Энэ хот бол оюутан залуучуудын хот юм. Энд 200 гаруй мянган оюутан суралцдаг аж. Хэрвээ энэ үзэсгэлэнг зохион явуулах эрхийг авч чадвал,  хотын энэ талбар тус арга хэмжээг зохих түвшинд явуулж чадна» гэж Аркадий Чернецкий хэллээ.

Оросын мэдэгдэлд эерэг оноо нэмж байгаа бас нэгэн зүйл бий. Энэ бол 2018 онд Екатеринбург хотноо зохиогдох хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн. Өөрөөр хэлбэл, үзэсгэлэн нээгдэхээс хэдэн жилийн өмнө хотод шинэ зочид буудлууд баригдана. Орон сууцны хорооллуудад жуулчдад зориулсан нэмэгдэл байруудыг барьж байгуулна. 2020 оноос хойш тэдгээрт уралын нийслэл хотын иргэд нүүж орно.

“Экспо-2020“ үзэсгэлэнгийн тэргүүлэх сэдвийг ”Дэлхийн оюу ухаан” нэртэй байхаар зарлажээ. Өнөөдөр “Экспо” нь дан дэлхийн техникийн дэвшилтүүдийг харуулахаас хол давсан гэж Аркадий Чернецкий тэмдэглээд

«Энэ нь улс орныг дэлхийн орон зайд харуулах боломж олгодог төдийгүй, дэлхийн бүх орнуудыг түгшээж байгаа асуудлуудыг, даяарчлалын оюун ухаан одоо цагийн сорилтуудтай хир тэмцэж чадахыг харуулж байна. Энэхүү үзэсгэлэн дээр соёл иргэншилийн дэвшилтүүдийг дэлгэн харуулаад зогсохгуй уг үзэсгэлэн явагдаж байгаа цаг хугацаанд дүн шинжилгээ өгч буй юм» гэв.

Екатеринбург хотноо олон улсын томоохон үзэсгэлэнг зохион байгуулах нь оросын бүс нутгуудыг хөгжүүлэх ээлжит шатны ажил байх болно гэж мэдээллийн РБК агентлагийн судалгааны албаны тэргүүн Александр Яковлев хэлээд

«Орос улсад Сочийн Өвлийн Олимпийн наадам, Казаньд Универсиад оюутны наадам, хөл бөмбөгийн ДАШТ зэрэг спортын  томоохон олон арга хэмжээнүүд шил дараалан зохиогдох гэж байна. Бид  зөвхөн Москва, Санкт-Петербург хотууд дээр л голчлон анхаардаг . Улсын эдийн засгийг хөгжүүлэхийн тулд эдийн засгийн төвүүдийг бүс нутагт шилжүүлэх шаардлагатай юм. Дэлхийн тийм чанарын төслүүд нь үүнд нийцэх болно. Эцэст нь янз бүрийн бүс нутгуудын тухай гадаадын хөрөнгө оруулагчид мэдэх ёстой биз дээ. Мэдээж хэрэг энэ нь сайн зүйл, гэхдээ үүнийгээ нэр хүндтэй зохих түвшинд явуулах нь зүйн хэрэг» гэлээ.

Мэдэгдэл гаргах кампанит ажил нь хоёр жил үргэлжлэх бөгөөд нилээд хэдэн үе шаттай байна. Хоёр удаагийн танилцуулах өдөрлөг ард үлдээд байна. Орос улсын засгийн газрын шадар сайд Аркадий Дворкович Олон улсын үзэсгэлэнгийн товчооны гишүүдийг Уралын хотод ашигтай шийдвэр гаргуулахад ятгахыг оролдож байна. 2013 оны 11-р сард болох дүнгийн хурал дээр “ЭКСПО -2020” үзэсгэлэн хаана зохиогдохыг эцэслэн шийдвэрлэх юм. Дубай /АНЭ/, Измир /Түрк/, Аюттхая /Тайланд/ болон Сан-Паулу /Бразил/ зэрэг хотууд нь Екатеринбургийн өрсөлдөгчид юм.