Израилийн нисэх хүчин Газын зурвасыг бөмбөгдсний уршгаар 140 гаруй хүн түүний дотор хүүхэд эмэгтэйчүүд амь үрэгдсэн тухай Палестинаас НҮБ-д суугаа байнгын ажиглагч Рияд Мансур мэдэгдэв. Тэрээр АЗ-д захидал явуулж, байгууллагын дүрмээр авсан үүргээ биелүүлэхийг НҮБ-ын АЗ-өөс шаардсан байна. Палестины ард түмний эсрэг Израилийн дайралтыг зогсоохын тулд тодорхой үйл ажиллагаа явуулахыг Мансур уриалав.

Өчигдөр НҮБ-ын АЗ-ийн хаалттай хуралдаанаар арабын орнуудын Израилийн ажиллагааг бурушаасан мэдэгдлийг авч үзэв. АНУ ба түүний өрнөдийн холбоотнууд мэдэгдэлд хориг тавьжээ. ХАМАС хөдөлгөөний бүлгүүд израилийн нутаг дэвсгэрийг пуужингаар буудсан нь Газын зурваст мөргөлдөөний шалтгаан болсныг мэдэгдэлд тэмдэглээгүйг «Интерфакс» агентлаг заажээ. Вашингтон Израилийн өөрийгөө хамгаалах эрхийг хүлээн зөвшөөрч, мөргөлдөөний хариуцлагыг ХАМАС-т ногдуулж байна гэж сүүлийн өдрүүдэд Барак Обама удаа дараалан давтан хэлжээ. Мөн үнэлгээ Вашингтоны ойрын холбоотнуудын саналд нийцэхгүй байна.

Израилийн нисэх хүчин Газын зурвсыг бөмбөгдөж байгаа нь өөрийгөө хамгаалах биш «угсаатныг гэсгээн хавчих» ажиллагаа гэж өчигдөр Түркийн ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган мэдэгдлээ. Цэргийн ажиллагаа бол «Палестины нутаг дэвсгэрийг алхам алхмаар эзлэх» ажил явуулга юм гэж тэрээр нэмж хэлэв. Эрдоган НҮБ-ын АЗ алмайран сууж байгааг буруушаагаад Египет ба Персийн булангийн орнуудад хандан палестинчуудыг дэмжих биеэ даасан ажиллагаа явуулахыг уриалжээ.