Израиль болон Палестины ХАМАС хөдөлгөөн Газын зурваст гал зогсоох асуудлын шийдвэрийг лхагва гариг хүртэл хойшлуулсан гэж урьд шөнө «Аль-Арабия» телевизийн суваг мэдээлэв. Газын зурваст гал зогсоох асуудлаар Израильтэй бүрэн төгс хэлэлцээр байгуулаагүй гэж Палестины хөдөлгөөний төлөөлөгч мэдээлэв. Хэлэлцээрт лхагва гаригт шилжих шөнө гарын үсэг зураж болзошгүй гэж үүний өмнө Египетийн ерөнхийлөгч Мухаммед Мурси мэдэгдсэн билээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон нар гал зогсоох асуудлаархи хэлэлцээг эрчимжүүлэхээр бүс нутагт хүрэлцэн очив.

Өчигдөр орой Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяху Клинтонтэй уулзаж, Израиль Газын зурваст цэргийн өргөн хүрээтэй ажиллагаа явуулахад бэлэн гэж мэдэгдэв. Үүний хамт Тель-Авив ХАМАС-тай мөргөлдөөнийг зохицуулах урт хугацааны дипломат шийдвэр олохын төлөө байна гэж тэрээр онцлов. Тус хөдөлгөөний хяналтад байгаа Газын зурвсаас израилийн нутаг дэвсгэрийг буудсны хариуд тус улс гал нээсэн юм.

Сүүлийн үеийн мэдээ баримтуудаас харахад Палестины шаантаг газарт долоо хоног үргэлжлэж байгаа израилийн цэргийн ажиллагааны уршгаар нийт 1000 гаруй хүн түүний дотор 140 палестин хүн амь үрэгджээ. Цэргийн ажиллагааны зорилго Газын зурваст палестины хөдөлгөөний цэргийн баазыг устгахад оршино гэж өчигдөр Израиль улсаас ОХУ-д суугаа элчин сайд Дорит Голендер мэдэгдлээ. Израиль,Палестин хоёр гал зогсооход ойрын өдрүүдэд зуучлах бодолтой байна гэж Клинтон мэдэгдэв. Үүний хамт тэрээр АНУ-ын байр суурийг ахин онцлов. Израилийн аюулгүй байдлыг хэвээр хадгалах нь гол асуудал гэж Вашингтон үзэж байна.