Одоогоос 70 жилийн тэртээ Дэлхийн 2-р дайны үр дүнг ихээхэн тодорхойлсон үйл явдал болсон юм. 1942 оны 11-р сарын 19-нд Улаан арми Сталинградын тулааны хүрээнд сөрөг давшилт хийж эхлэв. Энэ ажиллагаа германы фашистын цэргийг бут цохисноор дуусав. 1945 оны хавар их ялалт байгуулах зам Сталинград орчимд эхлэжээ.

1942 оны 11-р сарын 19-ний өглөө эрт Улаан арми хэдэн мянган их буугаар дайсны байрлалыг буудаж давшилтаа эхлүүлэв. Зөвлөлтийн цэрэг хэдэн өдрийн дараа дайсныг бүслэжээ. Гитлерийн армийн 330 мянган цэрэг офицер,генералыг бүслэжээ.Дараачийн гурван сарын турш ширүүн байлдаан үргэлжлэв. Бүслэлтийг сэтлэх гэсэн германы цэргийн бүх оролдлого үр дүнд хүрсэнгүй.

Ижил мөрөн дээр явуулах «Уран» ажиллагааг хоёр сарын турш бэлтгэсэн юм. Дайснаар хүрээлэгдсэн Сталинград руу маш нуцаар Баруун Сибириэс нэмэлт анги нэгтгэлийг татан шилжүүлж, цохилтын хүчирхэг бүлгийг байгуулсан юм.

Түүхчид энэ  мөчийг Дэлхийн 2-р дайнд үндсэн эргэлт гаргасан дээд цэг хэмээн үзэж байна.Энэ нь тэр үед бараг бүх Европыг булаан эзлэсэн германы цэргийн машины хувьд маш хүнд сүйрлийн цохилт болсон гэж Оросын ШУА-ийн Бүх нийтийн түүхийн хүрээлэнгийн шинжээч Михаил Мягков хэлээд

«Чухам энд дайны явцад ёс суртахууны эргэлт гарсан. Германы тал гол анги нэгтгэлээ тийшээ татан шилжүүлсэн хийгээд Гитлер мөн хотыг улс төрийн их ач холбогдолтойд үзэж байсан. Тэр үед германы арми ёс суртахууны талаар уналтад орлоо. Харин зөвлөлтийн арми дайсныг тогтоон барьж чадахаа мэдэрсэн» гэв.

Сөрөг давшилтын өмнө хүнд байлдаан хэдэн сарын турш үргэлжлэсэн билээ. 7-р сарын дундуур германы цэрэг Сталинград руу зүглэв. 8-р сар гэхэд тус хот бууж өгч, Кавказын нефтиэр баялаг бүс нутаг руу зам тавьж өгнө гэдэгт тэд итгэж байсан. Гэвч амь өрсөн тэмцсэн хотын хамгаалагчдын урьд үзэгдээгүй хатуу эсэргүүцэл дайсанд тулгарав.

Мамаев дов гараас гарт шилжиж, гудамж, байшин барилга бүрийн төлөө ширүүн тэмцэл явагдсныг батлан хамгаалах ажиллагаанд оролцогчид санан дурсаж байна. Дэлхий дахин Ижил мөрний тулааныг зүрх шимширч ажиглаж байв. Сталинградын тулааны үр дүнгээс хүн төрөлхөтний хувь заяа шалтгаалж байсан.

Сталинградыг хамгаалагчид хотоо хамгаалсан төдийгүй бүх Европ, дэлхий дахиныг фашизмаас аврасан юм. Гитлерийн цэрэг Сталинград орчимд ялагдсан нь европын орнуудад Эсэргүүцлийн хөдөлгөөнийг идэвхжүүлэхэд тус дөхөм үзүүлжээ.

Нийт 200 өдөр шөнө үргэлжлэсэн Сталинградын тулаан бол хүн төрөлхөтний түүхэнд хамгийн өргөн хүрээтэй аймшигт цуст ажиллагаа боллоо. Хотыг хамгаалах үеэр зөвлөлтийн бараг 1 сая цэрэг офицер амь үрэгджээ. Фашистын эвслийн арми зөвлөлт-германы фронтод байлдан дайтаж байсан цэргийн хүчнийхээ дөрөвний нэгийг Сталинград орчимд алдсан юм.

Гэрэл зураг