Америкийн хамгийн өндөр цол хэргэмтэй генералуудын нэг Петреустэй холбоотой асар их шуугиан хүчээ авч байна. ТТГ-ын тэргүүн асан тэрээр одоо чухам ямар учраас нууц баримт бичгүүд түүний хувийн намтарыг бүтээгч Пола Бродуэллийн компьютерт байсан, түүний өөр нэг танил эмэгтэй Жилл Келли сэжигтэй аралжааны үйл хэрэгт түүний нэрийг яагаад ашигласан бэ? гэсэн олон олон асуултанд тайлбар өгөх болоод байна. АНУ-д суугаа манай сурвалжлагч Роман Маманов тайлбарлан бичихдээ. Генерал Дэвид Петреусын эргэн тойрны шуугиан телевизийн олон ангит детективийн бага зэргийн элементүүдтэй хайр сэтгэлийн тухай киног санагдуулж байна.“Эхнэр-нөхөр-нууц амраг” гэсэн дурлалын гурвалжингийн жирийн нэг түүх маш олон дүрүүдтэй олон талтай геометрийн дүрс болон хувирч байна. Үүнийг жүжгийн зохиол болгон бичвэл зүгээр байх. Петреус генерал бол Ирак, Афганистан улсуудад байгаа цэргийг командлаж байсан, ТТГ-ын тэргүүн, америкийн армийн дөрвөн одтой генерал юм. Пола Бродуэлл бол Петреусын тухай номын зохиогч, түүний хувийн намтарыг бүтээгч, нууц амраг нь юм. Түүний компьютерт нууц материалтай файлуудыг олсон байна. Жилл Келли бол Петреусын танил хар үстэй жавхаалаг эмэгтэй юм. Ийм учраас л Бродуэлл түүнийг хардсан байна. Жилл цахим шуудангаар заналхийлсэн захиа авсан ба түүнийг Холбооны мөрдөн байцаах товчоонд \ХМБТ\ дамжуулжээ. Ингээд мөрдөн байцаалт Пола Бродуэллд хүрсэн ба дараа нь Девид Петреус дээр хөтлөн очсон байна.

Энэ генералын эргэн тойрны шуугиан нь Барак Обамагийн хувьд цагаа олоогүй зүйл боллоо. Нэгдүгээрт Цагаан ордны эзэн бүгд найрамдахчуудын зүгээс шүүмжлэлийн мөндөрт нүдүүллээ. Улс орны хамгийн том тусгай алба ХМБТ, мөн л хамгийн том тусгай алба ТТГ-ын тэргүүний эсрэг мөрдөн байцаалт эхэлсэн тухай ерөнхийлөгч мэдээгүй байсан гэдэгт тэд итгэхгүй байгаа юм. Үүнээс гадна сонгуулийн өмнөх рейтингээ унагахгүйн тулд мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулсан гэж өрсөлдөгчид нь Обамаг сэжиглэж байгаа юм. Сэжиглэлт, дайралт улам ихсэж байгаа ба 6-р сараас хойш анх удаа болсон хэвлэлийн бага хурал дээр тийм ч тааламжтай бус асуултанд тэрээр хариулах хэрэг болсон юм: «Эдгээр материалуудыг харж байхад АНУ-ын аюулгүй байдалд аюул учруулах хэмжээний мэдээлэл алдагдсан гэх үндэслэл надад байхгүй байна. Гэхдээ мөрдөн байцаалт үргэлжилж байгаа болохоор түүний явцыг тайлбарлахыг хүсэхгүй байна. ХМБТ өөрийн гэсэн хууль дүрэмтэй. Миний бодлоор энэ асуудлыг ХМБТ-ны захирал Мюллер тайлбарласан нь дээр гэж би үзэж байна. Харин би урьд нь ярьж байсан бүхнийг онцлон тэмдэглэхийг хүсэж байна. Петреус генерал үнэхээр гялалзсан амжилт гаргаж тушаал ахисан хүн. Тэрээр Ирак, Афганистан улсуудад байгаа цэргүүдийг чадварлаг удирдаж, эх орондоо үнэнчээр зүтгэж, ТТГ-ын захиралаар амжилттай ажилласан юм. Миний үзэж байгаагаар тэрээр гайхамшигтай амжилт гаргасан ба Дэвид Петреусын хийж бүтээсэн ажлын хүчинд бид өнөөдөр арай л аюул багатай амьдарч байгаа байх шүү» гэж Обама хэлсэн байна.

Генералын эргэн тойрны хэргийн түүхэнд шинэ шинэ зүйлүүд урган гарсаар байна. Энэ бүх хэргийн эхлэл болсон Жилл Келли нь Петреустэй танил байдлаа шунахай зорилгоор ашигласан байна. Өмнөд Солонгосын төр засагтай хийх томоохон гэрээ хэлэлцлийг хамтран явуулж 80 сая долларыг “буцаан авах” үйл ажиллагаа явуулхыг Келли шаардаж байсан гэж нью-йоркын “Трансгаз Девелопмент Системс” томоохон компанийн тэргүүн Адам Виктор нийтэд мэдээлсэн байна. Келли тэр үедээ өндөр тушаалын хүнтэй танил гэдгээ байн байн дурьдаж байсан байна: «Яг генерал Петреус л түүнийг энэ албан тушаалд томилосон гэдгийг мисс Келли ойлгуулж байсан. Ийм учраас л Өмнөд Солонгос улсын засгийн газарт харилцан ажиллахад бэлэн байгаа өндөр тушаалын түшмэлийг тэрээр таньж байсан бололтой. Петреустэй сайн танил учраас л ийм харилцаатай болсон гэдгийг тэрээр байн байн сануулж байсан байна» гэж Адам Виктор ярилаа.

Өнгөрч буй долоо хоног Петреусын хувьд байцаалт болон бэлгийн харьцааны тухай тайлбар зэргээр эхэлсэн байна. Тэгэхдээ маш муугаар төгссөн байна. Бенгази хот дахь АНУ-ын консулын газар руу лалын хэт даврагсад дайрах гэж байсныг ТТГ мэдэж байсан эсэх талаар асуусан конгрессийн гишүүдийн асуултанд тэрээр хариулахаас өөр аргагүй болсон байна.