Дэлхийн улс орнууд хүчин чармайлт гаргаж байгаа ч, Газын зурвасын байдал намжаагүй, хурцадсан хэвээр байна. 11-р сарын 17-ны бямба гаригийн өглөө израилийн агаарын нисэх хүчний онгоцнууд Газын зурваст ХАМАС -ын төв байрыг бөмбөгджээ. Газын зурвасын хил рүү танкууд болон армийн элитын ангиудыг төвлөрүүлээд байна.

11-р сарын 14-нд Израйль Газын зурваст ХАМАС хөдөлгөөний цэргийн жигүүрийн удирдагч Ахмед аль-Жабарыг устгаснаас хойш байдал хурцадсаар байна. ХАМАС-ын цэргүүд израилийн хотуудыг пуужингаар харвасны хариуд Газын зурвас руу агаараас цохилтууд өгч эхэлсэн. 11-р сарын 14-нд шуурхай хуралдсан НҮБ-ын АЗ ямарч шийдвэр гаргаж чадаагүй.

Израйлийн шинжээчид тайлбартаа,Израйль нь агаарын цохилтуудаараа ХАМАС-ыг урт хугацааны эвлэрэлийн гэрээ байгуулахад хүргэхийг хүсч байгаа гэжээ. Гэтэл энэхүү зорилгод тэд хүрч чадахгүй ч байж мэдэх юм гэж нэрт израйлийн цэргийн шинжээч Андрей Кожинов тэмдэглээд

«Егөөдөл нь юунд байна гэвэл, Израиль нь ХАМАС-ын цэргийн жигүүрт хохирол учруулах тусам, Газын зурвасын хэт даврах бүлгийнхэн ажиллагаагаа улам эрчимжүүлж байна. Сүүлийн хэдэн саруудад болон хэдэн жил янз бүрийн жихадуудын эсрэг хүчийг чухамдаа ХАМАС тогтоон барьж байсан. Үүнд аль-каидагийн жихадууд ч орж байсан. Харин ХАМАС нь хүлээгч болж байсан, яагаад гэвэл тэд засгийн эрхийг гартаа авсан бөгөөд хүн амын амьдралыг харьцангуй хэвийн болгох сонирхолтой байсан» гэлээ.

Сүүлийн үеийн мэдээгээр, Израйль Газын зурвасыг 800 удаа бөмбөгдсөн. Палестины 40 гаруй хүн алагдсаны ихэнхи нь эмэгтэйчүүд, хүүхдүүд. Агаарын цохилтууд болон газрын цэргийн ажиллагаанд бэлтгэж байгаа нь сүүлийн удаа 2008-2009 онуудад Газын зурваст нэвтрэн орсон схемтэй ижил төстэй байна. Тэр үеийн “Цутгасан тугалга “ /Cast Lead/ ажиллагааны улмаас 1400 хүн палестин хүн амь үрэгдсэн юм.

ХАМАС-ын цэргүүдийн израилийн хил орчмын нутгуудыг буудсан явдал нь өчигдөр ч эхэлсэн юм биш. Энэ бол хэдэн жил үргэлжилж байгаа зүйл. Тель-Авивын энэхүү хатуу хариу нь бол ирэх сонгуультай холбоотой Израилийн дотоод улс төрийн байдлаас үүдэлтэй гэж Дорно-дахины хүрээлэнгийн тэргүүлэх зэргийн шинжээч Татьяна Носенко тэмдэглээд

«Израйльд ирэх жилийн 1-р сард парламентын сонгууль явагдах ёстой. Яг ийм байдал 2008 онд болон 2009 оны эхээр сонгуулийн өмнө үүсээд байсан юм. Одоо мөн адил болж байна. Израилийн удирдагчид болон ерөнхий сайд Нетаньяху нар сонгуулийн өмнө сонгогчдод сэтгэгдэл төрүүлэх гэж оролдоцгоож байна» гэв.

Ирэх долоо хоногийн эхэнд Иерусалим болон Палестины нутаг дэвсгэрээр НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүний айлчлал төлөвлөгдөөд байгаа нь жаахан тайвшруулж байна. Түүнийг бүс нутагт айлчилж байхад Израйль арай цэргээ оруулахгүй байлгүй дээ. Ойрхи-дорнодын байдал хурцадсантай холбогдуулан 11-р сарын 19-ний өдөр ЕХ-ны 27 орны ГХЯ-ны тэргүүн нар Брюссельд уулзалт хийнэ.

Одоогийн нөхцөл байдлын зовлон гачлан юунд байна гэвэл, арабын ертөнцийг эрс өөрчилж, донсолгосон “арабын хаврын“ дараа мөргөлдөөн болж байгаад оршиж байна. Энэ үйл явдал нь ойрхи-дорнодын байдлыг илүү хурцатгасан. Байдлыг намжаахад дан ганц ХАМАС-ын буулт юу ч болохгүй.