Оросын эрх баригчид иргэн зэвсэг худалдан авах, хэрэглэх явдлыг зохицуулан журамлах хууль тогтоомжийг улам хатуу болгох гэж байна. Бэртээж гэмтээх зэвсгийг оролцуулан зэвсэг хэрэглэх тохиолдол гаарсны хариуд ийм арга хэмжээ авах юм. Гэвч мөн арга хэмжээ хууль ёсыг даган мөрддөг иргэдийн амьдралыг хүндрүүлж, хожмын гэмт хэрэгтнүүдийг тогтоон барьж чадахгүй гэж хатуу арга хэмжээг эсэргүүцэгчид үзэж байна.

Оросын 18 настай иргэн бэртээж гэмтээх зэвсэгтэй байж болохгүй гэж ДХЯ-ны түшмэд болон янз бүрийн хэмжээний депутатууд үзэж байна. ДХЯ-аас бэлтгэсэн хуулийн төсөл иргэний зэвсэгтэй байх насыг 18-аас 21 хүртэл нэмэгдүүлж, олон нийтийн газар бэртээж гэмтээх зэвсэгтэй байхыг хориглов. Түүнчлэн иргэний бүх төрлийн зэвсгийн санг байгуулахыг хоригложээ. Түүнээс гадна зэвсэг худалдан авах зөвшөөрлийн бичиг авах үйл явцыг хүндрүүлэхээр төлөвлөв. Эдгээр арга хэмжээ зэвсэг хэрэглэж үйлдэх гэмт хэргийг намжаана гэж Улсын думын дэд дарга Сергей Железняк үзэж байгаа боловч өөр арга хэмжээ бас шаардагдахыг тэмдэглэв. Тэрээр хэлэхдээ

«Хууль сахиулах хүчний эгнээг өргөжүүлж, үр бүтээлий нь нэмэгдүүлэх хэрэгтэй. Хянан шалгах түүний дотор дүрс бичлэгийн хэрэгслээр ажиглах системийг хэрэглэх хэрэгтэй. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл ба олон нийттэй харилцах сүлжээний хэт даврагч үг,нийтлэлд маш анхааралтай хандвал зохино. Зохисгүй зан үйлдэлтэй хүмүүсийн талаар илүү их мэдээлэл авбал хууль сахиулах байгууллагууд гэмт хэргээс сэрэмжлэх боломжтой болно» гэв.

Зэвсэг эмгэнэлт хэрэг явдлын гол буруутан болсон уу гэсэн асуудлаар дэлхий даяар ширүүн маргалдаж байна. Тухайлбал АНУ-ын Колорадо муж улсад хүмүүсийг буудан хөнөөсний дараа зэвсгийн худалдаа өргөжиж, зэвсэггүй бүс гэгчийн тоо улс даяар цөөрөв. Норвегийн Брейвик мэт алуурчин баатар биш.Тэд зэвсэггүй хүмүүсийг хэлмэгдүүлж, зэвсэгтэй цагдааг хармагц бууж өгдөг гэж шинжээчид тайлбарлав. Гэвч ийм тохиолдолд цагдаа нар хожимдон цогцсуудыг гэмт хэрэг үйлдсэн газраас явуулах үед ирдэг нь харамсалтай байна.

АНУ-ын Хууль зүйн яам ба Холбооны мөрдөн байцаах товчооны тоо баримтуудаас харахад сүүлийн арван жилд америкийн иргэдэд байгаа ил зэвсгийн тоо наанадаж 10 хувиар өсөн нэмэгдэж, аллага барагцаалбал 17 хувиар буурчээ. Мөн хүчирхийлэх, тонон дээрэмдэх ажиллагаа ч намжсан байна.

Орос улс бол Америк бишээ. Америкийн зэвсгийн уламжлал манайд алга. Харин зарим хязгаарлалт хачин санагдана гэж «Зэвсэгтэй байх эрх» олон нийтийн хөдөлгөөний зохицуулагч Мария Бутина үзэж байна. Тэрээр хэлэхдээ

«Хоёр нүүр гаргах бодлого баримтлах гэж байна. Нэг талаас 18 настай залуучуудыг цэрэгт татаж, Калашников автомат өгч, эх орноо хамгаалуулахаар халуун цэг рүү явуулж байна. Нөгөө талаас 18 настай залуу өөрийгөө ба төрөл төрөгсөдөө хамгаалах иргэний зэвсэгтэй байх ёсгүй» гэв.

Иргэний зэвсэг Орос ба өөр улс орнуудад ширүүн санал шүүмжлэл үүсгэж байна. Түүнийг дэмжигчид ба эсэргүүцэгчид соёл, уламжлал, статистикийн тоо баримтуудад хандана. Дашрамд хэлэхэд статистикийн тоо баримтууд зэвсэгтэй байх саналд дэмжлэг үзүүлж байна. Орост 5 сая гаруй хүн зэвсэгтэй юм. Харин ил зэвсэг хэрэглэж хууль зөрчсэн хэрэг явдал нэг хувь хүрэх яагаа ч үгүй байна.

Гэвч иргэний зэвсэг дэмжигчид ба эсэргүүцэгчдийн байр суурь нэгэн асуудлаар нийцэж байна. Бэртээж гэмтээх зэвсгийг оролцуулан аль ч зэсвэг хууль бус хэрэглэхийн төлөө хариуцлагыг хэд дахин дээшлүүлж чангатгах хэрэгтэй гэж тэд үзэж байна.