Израйлийн онгоцнууд баасан гаригт ХАМАС-ийн засгийн газрын тэргүүн Исмаил Ханийгийн Газын зурвас дахь ордонд цохилт өгсөн гэж “Жерузалем пост ”сонин мэдээлжээ. Цохилтын үеэр Ханий ордонд алга байжээ.Агаарын цохилтонд нэрвэгдсэн хүмүүсийн тухай мэдээлэл ирээгүй аж. Түүнчлэн, израйлийн Агаарын цэргийн нисэх хүчин ХАМАС хөдөлгөөний удирдагчийн Газын зурвасын өмнө хэсэгт байдаг байранд цохилт өгчээ.

Үүнээс гадна сонины уламжилж байгаагаар, Израйлийн хамгаалалтын Арми нь өнгөрсөн шөнө пуужин хөөргөх 150 газрууд руу агаараас цохилт өгчээ. Цохилтын улмаас зэвсгийн нилээд хэдэн агуулахууд устгагджээ. Өмнө нь мэдээлж байснаар, Газын зурвасаас израйлийн нутаг дэвсгэр лүү пуужингаар харвасны хариуд лхагва гаригт Израиль “Үүлтэй шон” ажиллагааг явуулж эхлэсэн. “Жерузалем пост” сонины уламжилж байгаагаар, сүүлийн хоёр өдөр Газын зурвасаас тавьсан 420 пуужин Израйлийн нутаг дэвсгэрт тусчээ.

 Бий болсон нөхцөл байдал дэлхий дахинд түгшүүр төрүүлж байна. Саяхан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин  Израйлийн ерөнхий сайд Нетаньяхутай утсаар ярихдаа, мөргөлдөгч талуудад хандан хүлээцтэй байхыг уриалжээ. Тэрээр израйльчууд болон палестинчуудыг хүчирхийлийг гааруулах замаар явахгүй байхыг уриалсан байна.