Оросын оюутнууд «Восточный» сансрын хөлгийн буудал барихад оролцоно. Оюутны барилгын отряд бол залуучуудыг ажлаар хангах чухал хэлбэр ба «амьдралын сайн сургууль» хэмээн түшмэд үзэж байна.

Оюутны барилгын отрядууд ялангуяа ЗХУ-д өргөн дэлгэрсэн билээ. Чөлөөт цагаараа улсын янз бүрийн барилга байгууламж дээр ажиллах хөделмөрийн түр хамтлагийг сайн дурын үндсэн дээр оюутнуудаас бүрдүүлсэн юм. Тэд гол төлөв төмөр зам, завод гэх мэт янз бүрийн барилга байгууламж барьж байсан. Барилгын отрядын зорилго оюутнуудыг мөнгө хөрөнгө олох төдийгүй хөдөлмөрийг хүндэтгэх, ёс суртахууны талаар цэвэр ариун байх үзлээр хүмүүжүүлэхэд оршив.

Оюутны отряд бүр өөрийн хувцас, бэлэгдэлтэй байсан. Аажмаар барилгын отряд өөрийн дуу, шүлэгтэй болсон юм. Оросын ахмад үеийнхэн оюутны барилгын отрядад ажилласнаа өнөө болтол санан дурсаж байна.

Оюутны барилгын отрядын үйл ажиллагааг одоогоос 9 жилийн өмнө сэргээв. ОХУ-ын боловсролын яамны дэмжлэгээр «Оросын оюутны отрядууд» бүх оросын олон нийтийн байгууллага бий болов. Оросын их дээд сургуулийн оюутнууд өөрсдийн хүслээр улсын хэмжээний барилгын ажилд оролцох боломжтой байна. Жишээ нь сүүлийн жилүүдэд залуучууд 2014 онд оросын Сочид хотод болох өвлийн Олимпийн наадмын барилга байгууламжууд барихад идэвхтэй оролцож байна.

«Восточный» бол Алс Дорнодын Амар мужид барьж байгаа оросын олон зориулалтат сансрын хөлгийн буудал юм. Өнгөрсөн оны намар барилгын ажил эхлэв. Эдүгээ «Восточный» сансрын хөлгийн буудлын барилга байгууламжуудад барилгын ажил өдөр шөнөгүй үргэлжилж байна. Оросын холбооны сансрын агентлаг шинэ сансрын хөлгийн буудлыг 2015 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна.

Холбооны залуучуудын хэрэг эрхлэсэн агентлаг ирэх оноос оюутны барилгын отрядуудыг «Восточный» сансрын хөлгийн буудал барихад оролцуулахын төлөө байна. Агентлагийн мэдээлснээр барилгын отрядын бүрэлдэхүүнд ажиллах залуучуудын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Өнгөрсөн онд тэдний тоо улс даяар бараг 300 мянгад хүрэв. Эдүгээ оюутны отрядыг барилгын янз бүрийн талбарт ажилуулахыг сонирхож байна. Оюутнуудын барилгын ажил хийх мэргэжил ч өргөжин тэлж байна.

Энэ онд оюутнууд «Восточный» сансрын хөлгийн буудал руу төмөр зам тавих болон орон сууцны байшингуудыг өнгөлөн засахад оролцов. Амар мужийн янз бүрийн их дээд сургууль,коллежийн оюутнууд сансрын хөлгийн буудалд ажилласан анхны барилгын отрядын бүрэлдэхүүнд оров. Оюутны цалин 480 доллар ба түүнээс илүү өндөр байсан Тусад нь захиалсан евро вагон бүрт найман хүн тус тус байрлав. Залуучууд өөрийн гуанз, халуун усны газартай байсан юм.