Өнөө өглөө Израйлийн Цэргийн нисэх хүчний онгоцууд Газын зурвасыг ахин удаа дараа дайрсан тухай өрнөдийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд палестины ХАМАС хөдөлгөөний удирдагчдын мэдээг үндэслэн уламжлав. Палестины талаас мэдээлснээр өнөө өглөө ийнхүү олон удаа халдсан байна. Тухайлбал израйлийн нисэх онгоцууд Газа хотын хэдэн барилга байгууламжийг буудав. Газын зурвасаас харвасан 420 гаруй пуужин сүүлийн хоёр хоногт израилийн нутаг дэвсгэрт хүрсэн тухай израилийн «Жерузалем пост» сонинд бичжээ. АНУ Түрк, Египет болон Газын зурваст эрх барьж байгаа ХАМАС хөдөлгөөнд нөлөө үзүүлж мэдэх өөр хэдэн улсад хандан Израйлийг пуужингаар буудах ажиллагааг зогсооход туслах хүсэлт тавьсан тухай АНУ-ын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн орлогч Бен Родс мэдээллээ. Израйлийн зэвсэгт хүчин Газын зурваст цэргээ оруулж ажиллагаа явуулж болзошгүй гэж тэрээр үзэж байна. Лхагва гаригаас Израйль Газын зурваст цэргийн өргөн хүрээтэй ажиллагаа явуулж байна. Палестины талаас пуужингаар буудсны хариуд ийм алхам хийсэн гэж Израйль мэдэгджээ.