Өнөөдөр Израилийн цэрэг Газын зурваст 100 орчим байг дайрав. Тус улс цэргээ Газын зурвасын хил руу татан шилжүүлж, тэнд цэргийн ажиллагаа явуулж болзошгүй. Арабын орнуудын холбооны яаралтай хуралдаан 11-р сарын 17-нд Каирт хийлгэхээр товлов.

Палестин, Марокко, Египетийн шаардлагаар хийлгэсэн НҮБ-ын АЗ-ийн хаалттай яаралтай хуралдаан буурьтай үр дүнд хүрсэнгүй. Ямар ч мэдэгдэл гаргаагүй байна. «Цутгамал хар тугалга» хэмээх израилийн ажиллагаа давтагдах уу гэсэн асуудал Ойрхи Дорнодыг түгшүүлж байна. Израиль ийм ажиллагаа 2008-2009 онд явуулсан билээ. Эхлээд агаараас цохилт өгөөд израилийн цэрэг оруулж, Газын зурвасыг тэнгисээс дайрсан юм.

Энэ удаад Израиль 2009 оноос хойш хамгийн өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа явуулж байна. ХАМАС израилийн хил орчмын нутгийг ямагт буудаж ирсэн. Одоо Тель-Авив маш хатуу хариу өгсэн явдал Израилийн дотоод улс төрийн байдал болон болох гэж байгаа сонгуультой холбоотой гэж Оросын ШУА-ийн Дорнод дахины судлалын хүрээлэнгийн тэргүүлэх шинжээч Татьяна Носенко хэлээд

«Ирэх оны 1-р сард Израильд сонгууль явагдана. 2008 оны ба 2009 ны эхний үеийн байдал адилхан байсан. Сонгуулийн өмнө «Цутгамал хар тугалга» цэргийн ажиллагаа явуулсан билээ. Израилийн удирдагчид ба ерөнхий сайд Нетаньяху сонгуулийн өмнө сонгогчдын саналд нааштай нөлөөлөхийг оролдох заншилтай» гэв.

Египетэд шинэ удирдлага засгийн эрхэнд гарсан явдал одоо Газын зурвсын байдлыг хурцдасныг онцгой өнгө аястай болгож байна. Урьд «Лалын ахан дүүс» хөдөлгөөний удирдагчийн нэг байсан ерөнхийлөгч Мохаммед Мурси Израилийг шүүмэжлэх л ёстой. Гэвч Египет, Израиль улсууд гал зогсоох гэрээ байгуулсан юм.

Оросын Ойрхи Дорнодын хүрээлэнгийн ерөнхийлөгч Евгений Сатановский хэлэхдээ

«Египетийн ерөнхийлөгч Мурси Газын зурваст явуулж буй ажиллагааг шалтаг болгон Израильтэй байгуулсан гэрээг одоо буюу хожим хүчингүй болгох нь тийм чухал биш. Ямар байсан ч Мурси Израильтэй байгуулсан гэрээг хүчингүй болгоно» гэв.

Ийм таамаглал бүтэх эсэхийг хэлэхэд хэцүү. Байдлаас харахад израилийн цэргийн ажиллагааг гарцаагүй өргөжүүлнэ.