«Сэнди» догшин хар салхинд нэрвэгдсэн Карибын сав газрын орнуудад үзүүлэх тусламж, Зүүн-өмнөд Азийн орнуудын хүнсний асуудал, сирийн дүрвэгчдийн байдал Дэлхийн хүнсний хөтөлбөр байгууллагын шинжээчид ба гишүүдийн анхаарлын төвд байна.Байгууллагын гүйцэтгэх зөвлөлийн чуулган энэ долоо хоногт Ромд хуралдаж байна. Орос улс бол Дэлхийн хүнсний хөтөлбөрийн тэргүүлэх ивээгчийн нэг юм. Одоо Москвад Сирийн хүмүүнлэгийн байдлыг сайжруулахыг оролцуулан санд ээлжит татвар шимэтгэх асуудлыг авч үзэж байна.

НҮБ-ын тоо баримтуудаас харахад эдүгээ сирийн бараг 3 сая оршин суугчад хүмүүнлэгийн тусламж шаардагдаж байна. Байлдааны ажиллагаанаас болж гэр орноо арга буюу орхиж явсан ч улс орноосоо гарч яваагүй хүмүүс тэдний дотор байна. Өнөөгийн байдлаар 350 мянга гаруй хүн Сириэс дүрвэн явжээ. Тэдний тоо хоёр дахин өсөн нэмэгдэнэ гэж НҮБ үзэж байна. Иордани, Ливан, Түркийн хил орчмын дүрвэгчдийн маш олон лагерьт нийт бараг 300 мянган хүн сууж байна.

Дэлхийн хүнсний хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Эртарин Казин энэ өдрүүдэд Сирийн хил орчмын нутагт очив. Тэрээр дүрвэгчдэд хилээ нээсэн Аман, Бейрутэд талархал илэрхийлэв. Ойрын үед сирийн дүрвэгчдэд үзүүлэх хүнсний тусламжийг нэмэгдүүлнэ гэж тэрээр мэдэгдлээ. Орос улсаас шимэтгэх хөрөнгө үүнд бас тус дөхөм үзүүлнэ. Москва сирийн дүрвэгчдэд туслаж байгаа хэдэн байгууллагыг зэрэг санхүүжүүлж байна гэж Оросын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Александр Лукашевич мэдэгдээд

«Орос улс НҮБ-ын системийн сирийн ард түмэнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх олон улсын байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж байна. Орос улсаас Олон улсын Улаан загалмайн хорооны төсөвт швейцарын 4,5 сая франк, Дэлхийн хүнсний байгууллагад 4,5 сая доллар төсөвлөн шимэтгэв. Эдүгээ 2013 онд Хүнсний хөтөлбөрт их хэмжээний хөрөнгө гаргах асуудлыг авч үзэж байна» гэв.

Орос улс бол Дэлхийн хүнсний хөтөлбөрийн томоохон хандивлагчийн нэг юм. Барагцаалбал 36 сая доллар жил дутам байгууллагын санд шимэтгэдэг. 2010 онд байгууллагын удирдлагатай нэмэлт хэлэлцээрт гарын үсэг зурж, шимэтгэх хөрөнгөө нэмэгдүүлэв. Москва бусад хандивлагч улсын нэгэн адил энэ байгууллагаас тодорхой улс оронд тусламж үзүүлэхэд анхаарал тавьж байна. Дашрамд хэлэхэд чухам Орос улс сирийн дүрвэгчдэд бусдаас түрүүн туслаж эхлэсэн гэж эдийн засагч Дарья Пичугина «Оросын дуу хоолой» радиод ярилцлага өгөхдөө тэмдэглээд

«Бид юуны түрүүнд ТУХН-ийн орнуудад тухайлбал Киргиз, Армени, Тажикистанд тусламж үзүүлэхийг хичээдэг.Түүнээс гадна энэ онд БНАСАУ, Палестинд хүнсний тусламж үзүүлнэ. Сүүлийн үед Сирид үзүүлэх хүмүүнлэгийн тусламж хамгийн том санаачилга болсон. Сири хүмүүнлэгийн сүйрэлд тулсанд Орос улс бусдаас түрүүн анхааралыг хандуулсан» гэв.

Орос улс олон улсын байгууллагуудтай хамтран ажиллахаас гадна сирийн хүн амд шууд туслаж байна. Онцгой байдлын яамны хүмүүнлэгийн тусламжийн ачаа бүхий хэдэн нисэх онгоцыг энэ онд Дамаск руу явуулсан. Эдгээр онгоцоор майхан, хүүхдийн хүнс хоол, хөнжил, эмийн бэлдмэл ба өргөн хэрэгцээт өөр төрлийн бараа таваарыг тээвэрлэж хүргэсэн юм.