Дэлхийн эдийн засгийн байдлын таамаглал гутрангуй байсан ч хятадын удирдлага үндэсний эдийн засаг нь унахгүй гэдэгт итгэж байна. Хятадын нийслэлд хуралдаж байгаа ХКН-ын 18-р их хурал энэ тухай ахин мэдэгдэх боломж олгов. «Оросын дуу хоолой» радиогийн сурвалжлагч Игорь Денисов Бээжингээс уламжлахдаа

БНХАУ-ын шинэтгэл, хөгжлийн хэрэг эрхлэсэн улсын хорооны тэргүүн Жан Пин их хурлын хэвлэлийн төвд үг хэлэхдээ хятадын эдийн засгийн хөгжлийн талаар шинэ шинэ баримтыг дурдав. Түүний мэдээлснээр Хятадын эдийн засгийн байдал тогтворжиж байгааг харуулсан шинж тэмдэг олон. Энэ онд эдийн засгийн өсөлтийн хурдац 7,5 хувиас багагүй болохгзй гэдэгт Жан Пин итгэж байна. Урьдын найман жилд Хятадын эдийн засгийн өсөлтийн жилийн хурдац 8 хувиас доошлохгүй байсныг дурдая. Өнгөрсэн онд хятадын эдийн засгийн өсөлт 9,2 хувь болжээ.

2012 онд эдийн засгийн хөгжлийн таамагласан үзүүлэлт бага зэрэг багассан нь БНХАУ-ын засгийн газрын эдийн засгийг өөрчлөн байгуулах зорилгоор санаатайгаар авсан арга хэмжээнүүдтэй холбоотой гэж Жан Пин хэлээд

«Бид шинэтгэл, ил тод байдлын бодлого 30 жилийн турш явуулахдаа өсөлтийн харьцангүй өндөр хурдацыг хангаж ирсэн. Гэвч эдийн засгийн хөгжлийн явцад тодорхой зөрчил гарч хуримтлагдсан юм. Иймээс эдүгээ эдийн засгийн хөгжлийн загварыг хувьсах зорилт тавигдсан. Энэ зорилгоор чухам загварын хувьсалд гойд анхаарал тавих хэрэгтэй» гэв.

Жан Пиний мэдэгдсэнчилэн засгийн газраас эдийн засгийг тогтвортой хөгжүүлэх тухайлбал дотоодын хэрэглээ ба хүн амын орлогыг нэмэгдүүлэх, инфляцид хяналт тавих, хөрөнгө оруулалтыг өөрчлөн байгуулах зэрэг хэд хэдэн арга хэмжээ авсан юм.

Үүний хамт Жан Пин дэлхийн эдийн засгийн байдал Хятадыг хамрахгүй байж чадахгүйг хүлээв. Гадаадад хятадын бүтээгдэхүүний эрэлт унасан явдал экспортын салбаруудад урьдын адил зохисгүй нөлөөлж, эдийн засгийн өсөлтийн загвар хангалтгүй хэвээр байна. Дэлхийн эдийн засагт түвэг бэрхшээл тулгарсан нөхцөлд Хятадын засгийн газраас сайтар бодсон макро эдийн засгийн бодлого явуулах ёстой.

Энэ нь «тогтонги нөхцөлд урагш ахих» бодлого хэмээн Жан Пин тодорхойлов. Энэ хэллэг хятадын албан ёсны баримт бичгүүдэд олонтаа гарч байна. Хятадын эдийн засаг тогтонги үргэлж өсөн нэмэгдэнэ гэдэгт Хөгжил, шинэтгэлийн асуудал эрхлэсэн улсын хорооны тэргүүн итгэж байна. Их хурлын хэвлэлийн төвд түүний хийсэн илтгэл хятадын нийт олон ялангуяа гадаадын бизнес эрхлэгчид ба санхүүгийн ажилтнуудыг тайтгаруулах зорилготой байв.

Дэлхийн томоохон эдийн засагт их түвэг бэрхшээл тулгарах нь дэлхий даяар бизнесийн байдалд тэр даруй нөлөөлж мэднэ гэж дэлхийн үйлдвэр худалдааны бүлгийнхэн болгоомжилж байна. Иймээс хятадын эдийн засгийн хөгжлийн загварын өөрчлөлтийг бүх тив ажиглана гэвэл хэтрүүлэг болохгүй биз.

Хятадын нэрд гарсан эдийн засагч У Зинлянь эдийн засгийн өсөлтийн загварыг өөрчлөх сэдвийг дэмжихийн хамт хятадын удирдлагаас ийм зорилго аль хэдийнэ тавьсанд анхаарлыг хандуулав. У Зинлянь нэгэн ярилцлагдаа бүр 1995 онд 9 дэх таван жилийн төлөвлөгөөг зохиох үеэр болон түүнээс хойш ч ийм зорилт тавьж байсныг дурдав. У Зинлянийн хэлснээр эдийн засгийн хувьсалд зөвхөн уриа дэвшүүлэх нь хангалтгүй. Системийн хэдэн саад тотгорыг арилгах хэрэгтэй.

Тухайлбал янз бүрийн хэлбэртэй өмчтэй үйлдвэрүүдэд адилхан нөхцөл бүрдүүлж, зохих эрх зүйн орчин төлөвшүүлж, авилгалтай илүү шийдвэртэй тэмцэх нь зайлшгүй чухал гэж У Зинлянь үзэж байна.Улс төрийн шинэтгэл зэрэг явуулахгүй бол шинэ үед эдийн засгийн шинэтгэл амжилтгүй болно гэж хятадын нэрт эдийн засагч үзэж байна.

Системийн асуудлаар өөрчлөлт гаргахгүй бол улс төрийн уриа лоозон ялимгүй үр дүнтэй болно» гэж У Зилянь тэмдэглэв. Инновацийн өсөлтийг үндэслэх эдийн засгийн шинэ загвар зөвхөн тодорч эхлэсэн боловч хятадын нийгэмд санал шүүмжлэл өрнөж байна. Харин шинэ загварыг урагш ахиулах явдал Хятад улсад ч дэлхий дахинд ч Дэн Сяопины шинэтгэлээс багагүй ач холбогдолтой болох юм.