Дөнгөж саяхан л Барак Обамаг сонгосон билээ, гэтэл тэрээр өөрийн ТТГ-ын захирал, генерал Дэвид Петреусээ шуугиантайгаар алдлаа. Гэргийгээ хуурсан гэр бүлийн шуугиантай холбогдсон учир энэ генерал 11-р сарын 11-нд өөрийнхөө хүсэлтээр огцорсон байна. Ерөнхийлөгч саналы нь хүлээж авсан байна. Ингэснээр “Петреусийн хэрэг” дууслаа гэж үзэж болохгүй юм. Энэ нь зөвхөн эхлэж байгаа бөгөөд Обамад бас л нэг толгойны өвчин нэмэгдлээ гэсэн үг. Одоо “ерөнхийлөгчийн толгойны өвчний” цар хэмжээ конгрессийн мөрдөн байцаалтаас л шалтгаалах болно.

Энэ хэргийн даамжрал, ерөнхий байдалтай танилцахын тулд ерөнхийлөгчийн засаг захиргааны төлөөлөгчдийг 11-р сарын 13-нд конгресст дуудсан байна. Тэгэхдээ л бүх зүйл нэг л сэжигтэй харагдаж байна. 11-р сарын 6-нд болсон сонгуулиас өмнө огцруулах асуудлыг засаг захиргааныхан санаатайгаар нуун дарагдуулж байсан эсэхийг конгрессийнхан мэдэхийг хүсэж байна. Хэрвээ энэ шуугиан сонгуулийн өмнө дэгдсэн бол Барак Обамаг Цагаан ордонд дахин харах ч үгүй байсан нь бүхэнд тодорхой билээ.

Засаг захиргааны саатуулалгүйгээр үүнийг хийхгүй байсан гэж МУИС-ийн дэлхийн бодлогын тэнхимийн шинжээч Андрей Сидоров ярьж байна: «Хэрвээ сонгуулийн өмнөх кампанит ажлын үеэр үүнийг ил болгосон бол Барак Обамад муугаар нөлөөлөх байсан нь тодорхой. Мэдээж хэрэг ямар нэгэн хэмжээгээр сонгуулийн үр дүнд нөлөөлөх байсан. Америкчууд эхнэр нөхрийн үнэнч байх асуудалд ихээхэн сэтгэл хөдлөлөөр ханддаг юм. Тус улсын улс төрийн ерөнхий байдал энэ мэдээллийг нууцлахыг шаардсан байх» гэж тэр ярилаа.

Ийм өндөр албан тушаал хашиж байгаа хүнийг мөрдөн байцааж байгаа тухай ФБР улсын дээд удирдлагуудад заавал мэдээлэх ёстой юм. Ерөнхийлөгч энэ тухай мэдсэн үү, мэдсэн бол хэзээ мэдсэн бэ? гэдэг нь энэ шуугианы гол асуудал одоо болоод байна. Хэрвээ Цагаан ордон энэ шуугианыг үнэхээр нуун дарагдуулсан бол үнэнийг конгрессоос нуудаг гэсэн асуудалд орооцолдох юм. АНУ-д иймэрхүү асуудал ерөнхийлөгчийн нэр хүндийн асуудлыг хэлэлцэх байдалд хүргэж мэдэх юм.

Иймэрхүү улиг болсон шалтгаанаар Петреусийг “унагаж” байгаа нь бас л цохилт юм. АНУ-д Петреусийг 11-р сарын11 хүртэл бараг л бурханчлахаас холгүй байсан юм. Афганистан, Ирак улсуудад хийсэн ялалтуудыг гардан байгуулсан, агуу стратегч гэж сонинуудад бичиж байлаа. Түүнийг бүр 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигч хүртэл болгож байлаа.

Петреусийн цэргийн болон цэргийн академийн гайхамшигтай хурдан карьер нь түүний эхнэртэй холбоотой гэж хорон хэлтнүүд ярьдаг байсан нь ортой бололтой. Вест-Пойнтегийн цэргийн академийн залуу кадет 1974 онд тус академийн дарга, генерал Уильям Ноултоны охин Холли Ноултонтой гэрлэсэн юм.