Оросын Казань хот спортын хөгжөөн дэмжигчид болон жуулчдыг хүлээн авахад бэлтгэж байна. Ойрын жилүүдэд тэнд олон улсын хэмжээний хэд хэдэн уралдаан тэмцээн болох юм. 2018 онд болох дэлхийн хөл бөмбөгийн аврага шалгаруулах тэмцээний шувтрагын тоглолтууд хамгийн хүсэн хүлээсэн үйл явдлуудын нэг болох юм. Универсиад болон Хөл бөмбөгийн холбооны цомын төлөө тэмцээнийг зохион байгуулж явуулах нь манай гаригийн хөл бөмбөгийн аврага шалгаруулах тэмцээнийг дээд түвшинд явуулах сайхан туршлага болох юм. ОДХ радиогийн шинжээчид ч үүнд итгэлтэй байна.

Хөгжөөн дэмжигчдийг Казань хотод зөвхөн спорт хүлээгээгүй юм. Тэдэнд зориулж соёлын гайхамшигтай хөтөлбөрийг бэлтгээд байна. Мянган жилийн түүхтэй энэ хотод 100 гаруй ард түмний төлөөлөгчид айлсан амьдарч байна. Зөвхөн Казань хотод л азийн болон европын соёлыг үзэж болно гэж ярьдаг юм. Манай хот нилээн ээдрээтэй, тэгсэн хирнээ маш сонирхолтой үүх түүхтэй гэж экскурсийн тайлбарлагч Людмила Шоронина ярьж байна: "Энд орос, татарын ард түмний түүх сүлэлдсэн юм. Энэ нь Казань хотын уран барилгын дүр төрхөнд ч тусгалаа олсон байдаг юм.Манайд Кремлийг үзэж болно, энэ нь манай хотын билиг тэмдэг юм. Энэ Кремлийн нутаг дэвсгэр дээр Кул Шариф лалын сүм, Благовещенийн дуган байрладаг юм. Мөн үндэсний хоол ундны олон ресторан, кафе ажилладаг юм. Түүхэн байдлаас болж энд мари, чуваш, удмурт үндэстнүүд амьдран суух болсон юм. Казанийн хаант улсыг 16-р зуунд Оросын эзэнт улсад нэгтгэснээс үүдээд оросын иргэд сууршиж эхэлсэн юм. Татарстан улсад олон үндэстэн ястанууд эв найртай амьдарсаар ирсэн билээ. Манайд оросууд, татарууд, лалууд амьдарч байна. Мөн синагог, костел болон лютеранын шашны сүм хийдүүд байдаг юм" гэж тэр ярилаа.

Ирэх зун Казань хотод Бүх дэлхийн оюутнуудын наадам болох юм. Харин 3 жилийн дараа усан спортын дэлхийн аврагын тэмцээн, 2017 онд Дэлхийн аврагын ерөнхий дасгалжуулалт болох Хөл бөмбөгийн холбооны цомын төлөө тэмцээн тус тус болох юм. Хэдэн зуун мянган жуулчид, хөгжөөн дэмжигчдийг хүлээн авхаар хот маань бэлтгэж байна гэж БН Татарстан улсын хөрөнгө оруулалт, барилгын ерөнхий удирдах газрын орлогч захирал Альфред Галиев ярьж байна: «Тэдэнд зориулж бид Универсиадын тосгоныг бариад байна. Энэ тосгон нь Универсиадын үед тамирчид, жуулчид амьдрах орон сууцны тусгай хотхон юм. Манайд жирийн ангилалаас эхлээд люкс ангилал хүртэл өрөөнүүдтэй олон зочид буудал байгаа юм. Мөн олон зочид буудлыг барьж байгуулж байна. Универсиад болон янз бүрийн уралдаан тэмцээний үед тамирчид нэг цэгээс нөгөө цэгт саадгүй хурдан хүрэх боломжийг хангасан замын өргөтгөл, салаануудыг байгуулаад байна» гэж тэр ярилаа.

2018 оны Дэлхийн хөл бөмбөгийн аврага шалгаруулах тэмцээний шутрагын тоглолтуудыг явуулах ёстой цэнгэлдэх хүрээлэн ирэх жил ашиглалтад орно. Энэ цэнгэлдэх хүрээлэн оросын хүчтэй баг гэж зүй ёсоор тооцогддог “Рубин” хөл бөмбөгийн багын гэрийн цэнгэлдэх хүрээлэн нь болох юм. Тус цэнгэлдэх хүрээлэн нь 45 мянган хүний суудалтай юм. Энэ нь дэлхийн хөл бөмбөгийн аврагын шигшээ, хагас шигшээгийн тэмцээнүүдийг явуулахад хангалттай юм.