Эрхэм сонсогчид оо! Та бүхний хүсэлтээр удтал завсарласан манай “Шуудангийн хайрцаг” нэвтрүүлгийг дахин эхлүүлж байна.

Энэ нэвтрүүлгээр бид та бүхний захидалд хариулж, хөгжмийн захиалгыг биелүүлж байх болно. Нэвтрүүлэг эфирт хоёр долоо хоногт нэг удаа ням гаригт нэвтэрч байх юм. Та бүхэн захидлаа манай цахим шуудангийн post_mn@ruvr.ru хаягаар юм уу, эсвэл Москва, 115326, Пятницкая, 25, радио “ОДХ” Монгол хэлний хэлтэст гэсэн хаягаар ирүүлнэ үү?

Саяхан “Оросын дуу хоолой” радио байгуулагдсаныхаа 83 жилийн ойг тэмдэглэсэн. Тэгвэл монгол хэлний нэвтрүүлгийн анхны дугаар 1946 оны 3-р сарын 1-нд нэвтэрчээ. Хэдэн арван жилийн турш олон арван сонсогчид манай нэвтрүүлгийн үнэнч сонсогч хэвээрээр байна. Тэд сонсогчдын “Найрамдал” клубыг байгуулсан.

“Оросын дуу хоолой” радиогийн төрсөн өдрийн баярыг тохиолдуулан “Найрамдал” клубын гүйцэтгэх захирал С.Цэвэгмид мэндчилгээ дэвшүүлжээ. “Найрамдал” клубын бүх гишүүдийн нэрийн өмнөөс “Оросын дуу хоолой” радио байгуулагдсaны 83 жилийн ойн баярыг дэвшүүлж, радиогийн сэтгүүлч, нэвтрүүлэгч, орчуулагч болон нийт уран бүтээлчид, инженерүүдэд ажлын амжилт хүсэн ерөөе!

“Найрамдал” клуб анх 2002 оны 3-р сарын 15-нд байгуулагдсан. Хатагтай С. Цэвэгмид яриандаа, анх клубыг гишүүн 13 хүн байгуулсан. Өнөөдөр манай гишүүдийн тоо хэдэн зуу болоод байна. Эдгээр хүмүүс бол янз бүрийн насны, төрөл бүрийн ажил мэргэжлийн хүмүүс юм. Найман настай балчираас, наян настай өтгөс хүртэл клубын гишүүд байдаг.Клубын салбар Архангай, Булган, Орхон, Ховд, Хэнтий, Дорнод, Өмнө-говь, Төв, Хөвсгөл зэрэг аймгуудын сумдад төдийгүй, Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотуудад үйл ажиллагаагаа явуулж байна.

Сонсогчдын “Найрамдал” клуб нь Орос улсад болон дэлхий дахины үйл явдлыг ажиглаж, “Оросын дуу хоолой” радиогоос зохион явуулдаг асуулт хариултын уралдаанд идэвхитэй оролцож ирсэн. Тэд зөвлөлт, оросын дуу хөгжим сонсох дуртай. Чухамдаа “Найрамдал” клубын гишүүд бидэнд хандаж, манай “шуудангийн хайрцагийг” нэвтрүүлгийн дахин явуулах саналыг тавьсан юм. Энэ тухай хатагтай С.Цэвэгмид ийн ярьсан юм.

Энэ оны 10-р сарын эхээр Улаанбаатарт монгол хэлний нэвтрүүлгийн хэлтсийн удирдлагын “Найрамдал” клубынхантай хийсэн уулзалтын үеэр шуудангийн хайрцаг нэвтрүүлгийг сэргээн явуулах тухай саналыг тавьсан юм. Уг арга хэмжээ Улаанбаатарын Оросын шинжлэх ухаан, соёлын төвд болж өнгөрсөн.

Манай нэвтрүүлгийн “шуудангийн хайрцаг” булан эфирт удтал яваагүй ч гэлээ, манай редакцид сонсогчдоос олон арван захидал ирсээр байсан юм. Энэ юуг илтгэж байна вэ гэвэл, Монголын иргэд Орос улсад болж байгаа үйл явдлуудад асар сонирхолтой байдгийг илтгэж байна. Ингээд та бүхнийг Дорнод аймгийн Доржсүрэн гуайн захидалтай танилцуулъя. Тэр захидалдаа: «Би арав гаруй жил ”Оросын дуу хоолой” радиогийн нэвтрүүлгийг байнга сонсож ирсэн. Сонирхолтой, цаг үеийн чухал мэдээ, материалууд бэлтгэж байдаг та бүхэнд талархал илэрхийлъе. Танай радио нэвтрүүлгүүд надад мэдлэгийн хүрээгээ өргөжүүлэхэд байнга тусладаг. Ялангуяа, сансар болон шинэ технологийн тухай нэвтрүүлүүдийг би сонсох их дуртай. Орос улсын сансрын салбарын ололт амжилт надад таатай мэдрэмж төрүүлдэг» гэж бичжээ.

Өөр нэг захидлыг бидэнд Архангай аймгаас Цэрэндорж ирүүлсэн байна. Тэр захидалдаа: «Би Орос улсад их хайртай. Бас тэгээд оросоор муугүй ярьдаг. Зөвлөлтийн цаг үед би Орос орноор нилээд аяласан. Танай нэвтрүүлгээр манай хоёр орны худалдаа-эдийн засгийн салбарын хамтын ажиллагааны тухай болон монгол-оросын соёлын харилцааны тухай аль болох түлхүү мэдээлэл авахыг хүсч байна. Би оросын орчин үеийн дуу хөгжим, орос ардын дуу сонсох дуртай» гэж тэр захидалдаа бичжээ.

Нэвтрүүлгийн сонсогч эрхэм хүндэт Цэрэндорж гуайн хүсэлтээр бид та бүхэнд Людмила Зыкинагийн дуулсан “Эргэн тойрон тал нутаг “дууг сонсгоё.

Булган аймгаас манай сонсогч Болормаа цахим шуудангаар ийм нэгэн захидал бидэнд ирүүлжээ. Тэр захидалдаа, саяхны нэгэн нэвтрүүлгээр оросын Тулын самовар болон алдарт тулын пряник буюу мөөхий боовны тухай тун сонирхолтой материал бэлтгэж хүргэсэн та бүхэнд баярлалаа гэжээ. Тэгээд орос ардын гар урлал болон хөгмийн зэмсэгүүдийн тухай нэвтрүүлгээрээ ярьж өгнө үү? гэж хүсчээ.

Хатагтай Болормаа, таны хүсэлтийг бид дуртайяа биелүүлж, орос ардын хөгжмийн зэмсэгүүдийн нэг балалайка хөгжмийн тухай ярихаар бэлтгэлээ. Та бүхэн тавтай сууж, тухтай сонсоно уу?

Оросын ард түмний амьдрал байнга дуу хөгжмөөр хүрээлэгдэж ирсэн аж. Эртний Оросд хөгжмийн зэмсэгүүдийг энгийн аргаар урлаж, түүн дээрээ гайхамшигтай тоглодог байв. 21-р зуунд орос хүнд хамгийн ойр дотны зэмсэг бол балалайка хөгжим хэвээр байна.

Балалайка хөгжим өнө эртний түүхтэй. Ихэнхи хүмүүс балалайкийг оросоос гаралтай гэдэг. Гэтэл зарим хүмүүс энэхүү хөгжмийг түрэгийн домбор хөгжмөөс гарсан хэмээн үздэг байна. Яваандаа балалайка нь тус улсаар тэнүүчлэх тариачид, нүүдлийн жүжигчин, дуучдын дунд дэлгэрчээ.

17-р зуунд эзэн хаан Алексей Михайлович балалайка болон эвэр хөгжим, бусад ардын хөгжмийн зэмсэгүүд нь хүмүүсийн санаа сэтгэлийг үймүүлж, бурхан шашинд харшилж байна гэж үзжээ. Тэрээр 1648 онд тэнүүлч жүжигчдийн хөгжмийн бүхий л зэмсэгүүдийг, тухайлбал, балалайкийг галдан шатааж, хөгжмөө өгөхөөс татгалзсан хүмүүсийг ташуурдаж, цөллөгт явуулж байх зарлиг гаргажээ. Цаг хугацаа улирч, 17-р зууны сүүлээр хэлмэгдэлт зогсож, 18-р зууны дунд үеэс балалайка дахин нэрд гарчээ. Сэтгэлтэй бүсгүйдээ таалагдах гэж тосгоны хөвгүүд балалайкаар тоглодог байсан төдийгүй, хааны ордны нөлөө бүхий хүмүүс ч бас тоглодог болов. Гэтэл нэгэн үе балалайка хөгжим орхигдоход хүрч, 19-р зууны дунд үеэс буцаж иржээ.Тэр үед гадаадын гармонь хөгжимд хүмүүс татагжаж болж, харин балалайка нь үнэтэй хөгжим худалдан авах боломжгүй ядуу хүмүүсийн хөгжим болжээ.

Оросын хамжлагат ноён Василий Андреев балалайкийг дахин төрхөд их үүрэг гүйцэтгэсэн нэгэн. Нэгэн удаа Андреев гэрийнхээ ойролцоо тэдний тариачны балалайка хөгжим дээр тоглохыг сонсчээ. Түүний сэтгэлийг энэхүү хөгжмийн өвөрмөц аялгуу ихэд таалагджээ. Ингээд тэр балалайкийг нэрд гаргахаар шийдсэн байна. Эхлээд тэр өөрөө уг хөгжим дээр тоглож сурч, дараа нь балалайкийг боловсронгуй болгохоор ажиллаж байв. 1886 оны хавар Василий Андреев Петербургийн хийлийн мастер Ивановын хамт анхны концертын балалайкийг бүтээжээ. Андреевын тоглолт Петербургэд маш их амжилт олсон нь энэхүү хөгжмийн зэмсэгийг алдаршихад нөлөөлжээ. Андреев өөрийн өмнө балалайкийг дэлгэрүүлэхээс илүү далайцтай зорилго тавьж байв. Жирийн ардуудын зэмсэгийг авч, илүү боловсронгуй болгож, сайжруулан ард түмэнд буцаахыг тэр хүсч байлаа. Тэгээд ч тэр энэхүү хүндхэн шийдвэртээ хүрэхийн тулд петербургийн гарнизоны цэргүүдийг балалайка хөгжимд сургах ажлыг эхлүүлжээ. Тэр үед тухайн цэргийн алба хаахаар Оросын хаант гүрний өнцөг булангаас ирдэг байв. Хугацаат албаа хаасны дараа, зэмсэг дээр тоглож сурсан цэрэг бүр гэр рүүгээ балалайкийг авч явдаг байв. Ийнхүү балалайка нь Орос даяар аялгуугаа дахин өргөх алтан боломжтой болсон юм.

19-р зууны 70-аад оны үед хөгжмийн их мастер Франц Пасербский балайлайка хөгжмийг орчин үеийн төрхтэй болгосон ба Германд хөгжмийн зэмсэгийн патент авчээ. 19-р зууны сүүл үед орос ардын найрал хөгжмийн чуулга байгуулагдаж, Оросд төдийгүй дэлхийн бусад орнуудад амжилттай тогложээ. Тэр үед балалайка нь дэлхий дахинд нэртэй болсон юм.

Балалайка хөгжмийн зэмсэг түүхэндээ нэгэн үе нэрд гарч, нэгэн үед уналтанд орж байжээ. Гэтэл бусад орны хүмүүсийн хувьд энэхүү хөгжмийн зэмсэг нь орос үндэстний хөгжмийн соёлын тод томруун бэлэгдэлүүдийн нэг байдаг.

Эрхэм сонсогчид оо! Манай “шуудангийн хайрцаг “нэвтрүүлгийн анхны дугаар үүгээр өндөрлөж байна. Та бүхэн цаашид юу сонсохыг хүсч байгаа талаараа бидэнд захидал ирүүлж байгаарай.

Манай хаяг: 115326 ОХУ, Москва, Пятницкая 25,”Оросын дуу хоолой” радиогийн монгол хэлний нэвтрүүлгийн хэлтэс гэж хаяглаарай. Мөн та бүхэн манай цахим шуудангийн post_mn@ruvr.ru хаягаар захидлаа ирүүлж байгаарай. Дараа дахин уулзатлаа баяртай!