Сибирийн төвд орших жижигхэн Енисейск хотын нэгэн иргэн мод харуулын томоохон цуглуулгатай. Хувийн энэхүү цуглуулга нь хосгүй бөгөөд үүгээр музей байгуулахаар зорьж буй юм. Эрх баригчдын үзэж байгаагаар, модны харуулын музей нь хөдөөгийн жижигхэн хотод жуулчдыг татах ёстой гэнэ.

Модны харуул бол модоор юм хийдэг мужааны хамгийн гол багаж. Энэ нь мод харвалдахад, модон эдлэлийг жигд болгоход ижилгүй юм. Харуулын үндэс нь модон хүрээ байна. Үүндээ төмөр хутга суулгадаг. Мужааны хөдөлгөөн бүрт хутга модыг тодорхой хэмжээгээр нимгэлж, хаягдал модон гогцоонууд цагираглан гарна. Энэхүү багажыг хүмүүс эрт үеэс хэрэглэж ирсэн. Хамгийн эртний харуул нь I зуунд бий болсон байдаг. Харин 15,16-р зуунд энэхүү багаж нь илүү их өргөн хэрэглэгдэх болсон ажээ. 20-р зуунд харуул нь гэрийн аж ахуйд зүйрлэшгүй нэгэн хэрэгсэл болжээ.

Хэдэн зуун жилийн түүхэндээ харуул нь нилээд хэдэн удаа өөрчлөгдөж байв. Енисейск хотын оршин суугч Виталий Ислантьев гэртээ энэхүү багажийн олон төрлийг цуглуулахаар шийджээ. Мань эр олон жилийн турш хуучин харуулуудыг худалдан авч, засч байлаа. Эхлээд тэр багажуудыг гэртээ хадгалдаг байв.

Дараа нь цуглуулга олон болоход харуулуудыг саравч руу нүүлгэжээ. 2011 онд сибирийн өвгөний хосгүй цуглуулга Оросын дээд амжилтуудын Алтан медаль хүртжээ. 2012 оны хавар 800 харуулын эзэн Виталий Ислентьев өөрийн цуглуулгын хамт Гиннессийн дэлхийн дээд амжилтуудын ээлжит номонд орох саналыг авчээ.

Хувийн цуглуулга өөрийн эзнээ ийнхүү алдаршуулахад, үүнтэй хамт Енисейск хот мөн адил алдаршив. Хотын захиргаа цуглуулгын эзэнд музей байгуулах санал тавьжээ. Гиннессийн номонд орсон цуглуулга жижигхэн хотод жуулчдыг татна гэж үзэж байгаа аж. Музейг хувь хүмүүсийн хандивын мөнгөөр барьж байгуулж байна. Музейн барилга баригдаж байх зуур Виталий Ислентьев цуглуулгаа баяжуулсаар л байна.

Өнөөдөр Виталийн цуглуулгын тоо 1075-д хүрээд байна. Цуглуулгын хамгийн үнэ цэнэтэй эртний үзмэрүүд нь Богучаны усан цахилгааныг барихад усанд автсан тосгонуудаас цуглуулсан харуулууд гэж ярьж байна. Хамгийн сэтгэл хөдлөм үзмэр нь “шмыга “нэртэй харуул аж. Энэхүү гар хийцийн харуул нь 1,5 метрийн урттай бөгөөд 20-р зууны эхэн үед бүтээгджээ.

Үүнээс үүдэн тус хотын захиргаанд Енисейск хотыг цаашид аялал жуулчлалын ирээдүй хүлээж байна гэж үзэх болжээ. 1619 онд байгуулсан эртний энэ хотод жуулчдын сонирхолыг татах түүхэн дурсгалын газрууд олон бий. Харин Виталий Ислентьевын дэлхийд хосгүй харуулын музей нь Енисейск хотод очих бас нэгэн шалтаг болох нь дамжиггүй юм.