Гай гамшигт нэрвэгдсэн Нью-Йоркын засаг дарга Майкл Блумберг шатахуун дутагдсан учир өнөөдрөөс бензиний худалдааг хязгаарлах захирамж өгөв. Түлш хэмнэхийн тулд Нью-Йоркын оршин суугчид машиндаа өдөр өнжиж шатахуун хийнэ. Машины номерын сүүлчийн тоо тэгш байвал, тэгш өдөр, сондгой бол сондгой өдөр шатахуун хийнэ. Нийтийн ба албаны хөсөг  такси урьдын адил өдөр бүр шатахуун хийж мэднэ. АНУ-ын зүүн эрэг хавийн бүс нутаг бараг хоёр долоо хоногийн өмнө «Сэнди» догшин хар салхинд нэрвэгдсэн билээ. Тэр Нью-Йорк, Нью-Жерсийн нэг хэсгийг сүйтгэж, урьд өмнө үзэгдээгүй хүчтэй үер үүсгэж, цахилгаан эрчим хүчний хангамжийг таслан зогсоов. 100 гаруй хүн амь үрэгджээ.«Сэнди» догшин хар салхи 30 тэрбум долларын хохирол шууд учруулав. Түүнээс гадна хувийн өмч, бизнест 50 тэрбум долларын хохирол учирчээ.

Ер бус эрт цас орж, байдлыг даамжруулав. Урьд шөнө «Носистер» шуурганаас болж Нью-Йоркод цас их орж, мод, замын тэмдэг бүхий шон унаж, олон мянган байр цахилгаан хангамжгүй болсон юм. Тухайлбал Нью-Жерси, Лонг-Айлендын 200 мянган хүн цахилгаангүй байна. Хотын алба, цэвэрлэгчид ажлын өдөр эхлэхийн өмнө хотын гудамжуудыг цэвэрлэж амжив. Хотын цэцэрлэгт хүрээлэнгүүд хаалттай хэвээр байна. Харин өчигдөр Манхэттэнд сургууль, ресторан, дэлгүүрүүд ажиллаж эхэллээ. Квинс, Лонг-Айлендын 300 мянга орчим оршин суугчийн цахилгаан хангамжийг сэргээгүй байна. Нью-Йоркод догшин хар салхины дараа хур тундастай байх болно. Гэвч энэ долоо хоногийн шувтаргаар цаг уурын байдал сайжрана гэж цаг уур судлаачид таамаглажээ.