Оросын хамгийн баруун хэсгийн Калининград хотын урчуудын хуваар бүтээсэн хосгүй эд зүйлүүдийг Парисын Луврын үзэсгэлэн дээр дэлгэн тавьжээ. Эндхийн бусад гурван зуун компаний нэгэн адил оросын иргэд Олон улсын соёлын өвийн үзэсгэлэнд 11-р сарын 7-11 өдрүүдэд оролцож байна.

Калининградын хувны үзэсгэлэн францын алдартай үзэсгэлэнтэй хамтын ажиллагаатай байдгийн дүнд Орос улс хоёрдахь удаагаа Луврт хуван бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргаж буй нь энэ юм. Энэ удаа Луврт гоёл чимэглэлийн эд зүйлс болон хув шигтгэж суулгасан үслэг эдлэл, сүлжээ хээг /кружева/ авчиржээ. Гэхдээ орос улсын үзэсгэлэнгийн гол шигтгээ - “хивсний шигтгээний” техникээр хийсэн ханын гурван том зураг /панно/ байх аж. Энэ технологийг Балтын тэнгисийн эргийн Коврово тосгоны “Емельянов болон түүний хүүдүүд” үйлдвэрийн мэргэжилтэнүүд бүтээжээ. Компаний захирал Илья Емельянов “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа хэлэхдээ

«Компани байгууулагдаад 20 гаруй жил болж байна. Манай компани мод, хув хоерыг нэгтгэх хосгүй технологи бүтээсэн. Цаашид бид өөрсдийн өвөрмөц өнгө аястай тавилганы дизайныг бүтээсэн. Энэхүү санаа маань Калиниградын мужид төрсөн бөгөөд одоо энэ хотын нэрийн хуудас болоод байна» гэлээ.

Компани нь тавилгаас гадна уран сайхны өндөр түвшинд хийгдсэн тавилгууд, “люкс” хэрэглээний бэлэг дурсгалын зүйлүүд болон сүмийн гоёл чимэглэлүүдийг хийдэг байна. Оросын урчууд францын Луврыг өөрсдийн хосгүй төслөөр байлдан дагуулжээ гэж Илья Емельянов тэмдэглээд

«Анх удаа үзэсгэлэнд оролцох урилгыг аваад бид “Лувр” нэртэй хосгүй бүтээлийг урласан. Энэхүү шатрын бүрэн хэрэгсэлийг 7,5 мянган жилийн настай далайн царс мод, 45 сая жилийн настай Балтын хуваар хийсэн. Бид үнэхээр бахдал төрүүлэхээр зүйл хийж чадсан. Одоо бид Францын олон улсын салоны анд нөхөд болсон. Одоо тэндхийн үзэсгэлэн дээр манай компаний шилдэг дизайнер Игорь Исаевын гурван бүтээл тавигдаад байна» гэлээ.

Эдгээр нь дээр яригдсан нөгөө гурван ханын зураг юм. Тэдгээрийн нэг нь “Морь унасан самурай” бүтээлийг японы зураач Кацусика Хокусайгийн зургаас сэдэвлэсэн. Бусад хоёр “Усан дээр суусан царцаа” болон “Эхлэл” зургууд нь Исаевын өөрийн санаа. Ялангуяа, “Эхлэл” ханын зураг нь их нууцлаг санагддаг. Түүний утга санаа анх дэлхий бий болсон болон эмэгтэй хүний унаган төрхийг харуулсан байдаг.

Зургийн голд сансар огторгуйн “хар матери “ дээр эмэгтэйн дүрс байна. Түүнийг тойрон дэлхий дээр амьдрал бий болно. Хувны тансаг өнгөнүүдийн зохицолдоонд уг ханын зураг флорентын шигтгээг санагдуулах мэт. Ингэхдээ “нарны чулуу “/хувыг ингэж нэрлэдэг/ нь гэрэл тусахад “од мэт гялалзах ” нь гайхамшигтай сайхан харагдана гээч.

Калининградын урчууд ойрын үед хамгийн томоохон төслийг хэрэгжүүлж эхлэх гэж байна. Энэ бол Пруссийн хаан I Фридрихийн хуван танхимыг сэргээн засварлах ажил юм. Энэ тасалгааг түүнд Оросын I Петр хаан бэлэглэж байсан бөгөөд дараа нь Петербургийн орчмын Царское село /Хааны тосгон/ дахь Екатерина хатан хааны алдарт Янтарная комната ( Хуван танхим) болж алдаршсан түүхтэй.

Дэлхийн хоёрдугаар дайны үед гитлерийн цэргүүд Хааны тосгоныг эзлэн авч, уг танхимыг нүүлгэн авч явсан тул Хуван танхим алга болсон. Уг танхим одоо болтол олдоогүй, гэвч 21-р зууны эхэн үед оросын сэргээн засварлагчид энэхүү танхимыг дахин сэргээсэн юм. Харин одоо энэхүү танхимын өмнөх Хуван тасалгааг сэргээхийг хүсч байна.