ХКН-ын 18-р их хурал 11-р сарын 8-нд Бээжинд нээгдэнэ. Их хурлын үр дүнгээр эрх баригч элитын бүрэлдэхүүнд халаа сэлгэлгэ хийнэ. Си Зиньпин КН-ын ТХ-ны одоогийн тэргүүн Ху Зиньтаог орлоно гэж үзэж байна. Чухам нөхөр Си дараачийн 10 жилд Хятад улсыг удирдах юм. Энэ завсар БНХАУ-ын эдийн засаг америкийнхээс тэргүүлж, дэлхийд хамгийн томд орж мэднэ. Иймээс болох гэж байгаа их хурал болон засгийн эрхийг нөхөр Хугээс нөхөр Сид залгамжлуулахыг түүхэн үйл явдал гэх бүрэн үндэс бий.

Хятадад ардчилсан сонгуулийн систем үгүй байсан ч удирдагчид нь албан тушаал хэт удаан хашихгүй байна. Дэн Сяопин эрх барьж байснаас хойш төр засгийн дээд удирдлага 10 жил дутам солигдож байна. БНХАУ-ын төрийн тэргүүн чухам хэн болох нь их хурлаас нэлээд өмнө тодроно. Си Зиньпин төрийн тэргүүн болох тухай бүр 2000-д оны дундуур зарлан мэдээлсэн билээ. 2008 оны 3-р сард тэрээр БНХАУ-ын дэд дарга болжээ. 2010 оны 10-р сард нөхөр Сиг ХКН-ын ТХ-ны Цэргийн зөвлөлийн дэд даргаар томилов.

Чухам тэрээр БНХАУ-ын өнөөгийн дарга Ху Зиньтаог орлох нь эргэлзээгүй болсон. Си дээд зэргийн удирдагч гэдгээ харуулав. Тэрээр баян Фузянь мужийг нэлээд удаан удирдсан юм. Түүний удирдлагаар мужийн эдийн засаг эрчимтэй хөгжив. Нөхөр Си төрийн тэргүүний албан тушаал хашихдаа эдийн засгийн хөгжлийг эн түрүүнд тавих бололтой. КН-д хандах хандлага нь ч эл асуудалд захирагдсан гэж Хятадын стратегийн судлалын төвийн захирал Алексей Маслов үзэж байна. Тэрээр хэлэхдээ

«Түүний хувьд ХКН Хятадыг удирдах нэг ёсны бизнес-клуб болсон.Нам коммунист гэдэг нэртэй байсан ч коммунист үзэл санаа, уриа лоозонд уян хатан үүднээс хандаж байна. Си прагматик үзэлтэй үеийнхэнд хамрагдана. Өөрөөр хэлвэл эдгээр зүтгэлтэн Хятадыг өрнүүн хөгжүүлж, дэлхийд Хятадын эдийн засаг,улс төрийн үр нөлөөг өргөжүүлэхийг хичээдэг» гэв.

Гэсэн ч Хятад улс урьдынх хурдацтай хөгжиж чадахгөй гэж шинжээчид үзэж байна. Энэ нь Си Зиньпинд тулгарах ганц асуудал бишээ. Гаднаас харахад ХКН эвдэршгүй бат бэх байгуулал мэт санагдана. Гэвч ХУ111 их хурлы нь өмнө намын тойронд хэрүүл шуугиан дэгдэв. Тухайлбал намын нөлөө бүхий удирдагч Бо Силай дампуурсан нь ширүүн маргаан үүсгэв. Тэрээр ХКН-ын ТХ-ны УТТ-ны байнгын хорооны гишүүн болно гэж бүр энэ оны эхээр үзэж байсан.

Гэвч гэргий нь британийн бизнес эрхлэгчийг алсан ялаар ялласны уршгаар Бо бүх албан тушаалаасаа огцорч, намаас хөөгдөв. Бас нэг маргаан шуугиан их хурлын өмнөхөн үүсэв. Төрийн зөвлөлийн өнөөгийн ерөнхий сайд Вэнь Зябаогийн гэр бүл бараг 3 тэрбум долларын эд хөрөнгөтэй гэж New York Times сонины өгүүллэгт бичжээ. Хятадын дээгүүр албан тушаалтай нэгэн түшмэл л ийм мэдээллийг америкийн сэтгүүлчдэд олгосон байх. ХКН-ын удирдлагад янз бүрийн бүлгийн санал зөрөлдөөн гарч байгааг энэ болон Бо Силайг огцоруулсан явдал харуулж байна гэж Алс Дорнодын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Александр Ларин хэлээд

«Энэ нь их хуралтай холбоотой нь дамжиггүй. Энэ нь хятадын удирдлагад дотоодын тэмцэл үргэлжилж байгааг харуулсан. Их хурал ойртох тусам тэмцэл улам хурцдав. Учир нь удирдлага дахь хэдэн урсгал, фракц хоорондоо тэмцэж, дээд удирдлагын халаа сэлгэлгэний үр дүнд илүү чухал албан тушаал эзлэхийг эрмэлзэж байна.Түүнчлэн удирдлагад байр сууриа бэхжүүлэхийг фракц бүр оролдож байна» гэв.

Си Зиньпин ХКН-ын доторхи бүлгүүдийг эвлэрүүлэх эсэхийг цаг үе харулах юм. Ямар байсан ч их хурлын дараагаар хятадын бодлого эрс өөрчлөгдөхгүй. Чиг бодлого аажмаар өөрчлөгдөх бололтой. Уламжлал ёсоор хятадын шинэ удирдагчийн удирдах ажлын онцлог засгийн эрхэнд гарснаас хойшхи таван жилийн шувтаргаар тод илрэдэг.