Хятадын нийгэм улс төрийн шинэтгэл явуулах үзэл санааг дэмжиж байна гэж өнөөдөр хятадын «Хуанцю шибао» сонинд бичжээ. Сонины газраас 11-р сарын 8-нд ХКН-ын ХУ111 их хурал нээгдэхийн өмнө улс орныхоо томоохон долоон хотод санал асуулга явуулав. «Хятадад улс төрийн шинэтгэл явуулах хэрэгтэй. Гэвч шинэтгэл аажмаар явуулвал зохино» гэж хятадын нийт олны үлэмж хэсэг нь үзэж байгааг сонин тэмдэглэв. Асуултад хариулагсадын 81,4 хувь нь улс төрийн шинэтгэл явуулах саналыг дэмжив. Шинэтгэл яаж явуулах вэ? гэсэн асуултад хариулагсадын 70 хувь нь засгийн газар хэвлэл мэдээллийн хэрэгсэл ба нийгэмд тайлагнах ёстой гэжээ.

Түүнчлэн хятадын томоохон хотуудад явуулсан санал асуулгад оролцсон оршин суугчдын тэн хагас гаруй нь авилгалтай илүү ширүүн тэмцэх, засгийн газрын үйл ажиллагааг нийгмийн өмнө илүү ил тод болгохын төлөө байна. Түүнээс гадна авилгал Хятадын хөгжилд гол саад болсон гэж санал асуулгад оролцогчид үзэж байна. Нийгмийн давхрагууд орлогын хэр хэмжээгээр эрс ялгаатай болсон, нийгмийн аюулгүй байдлын систем сул дорой байгаа зэрэг асуудал асуултад хариулагсадын сэтгэлийг түгшүүлж байна.

Хятадад улс төрийн шинэтгэл зайлшгүй чухал гэж олон шинжээч их хурлын өмнө ярьцгааж байна. Юуны түрүүнд ХКН-ын систем, хууль зүйн хэм хэмжээг ардчиллах тухай өгүүлж байна. ХКН-ын ТХ-оос намын дүрэмд оруулах хэдэн засварыг их хуралд бэлтгэсэн тухай мэдээлжээ. Гэвч хятадын удирдлагын мэдэгдлүүдээс харахад ХКН-ын удирдлага шинэтгэл яаж явуулахыг мэдэхгүй байна гэж ИТАР-ТАСС агентлаг тэмдэглэв.