Оросын нефть, хийн “Газпром” аврага нэгдэл борлуулалтын зах зээлээ өргөжүүлж байна. Тус компани АНД орнуудад шингэрүүлсэн хий нийлүүлэхэд зориулсан дэд бүтцийг байгуулж байна. Энэ бол маш их ирээдүйтэй чиглэл юм. Үүнээс гадна тус нэгдэл “Өмнөд урсгал” хийн хоолойг Унгар улсын нутгаар дамжуулах зөвшөөрөл авч Европт тактикийн маш чухал ялалт байгууллаа. Занарын нефть олборлох тухай “Газпром” нэгдлийн тэргүүн Алексей Миллер зарласан явдал манай гариг дээр эхлэж байгаа “занарын хувьсгалд” “Газпром”-ын оруулах хувь нэмэр болно.

Шүүмжлэгчид оросын нэгдлийг болхи, шинэ хандлагуудаас хоцорч байдаг гэж байнга шүүмжилдэг байсан юм. Тус компанийн шинэ төсөл энэ шүүмжлэл үндэсгүй гэдгийг харууллаа. Газпром нэгдэл 5 жилийн дараа Якутын Чаяндины томоохон орд газрыг эзэмшиж, Владивосток хүрэх хийн хоолой барих ажлыг дуусгана. Ингэснээр оросын Сибирь, Алс Дорнодыг хийгээр хангах болон Ази тивд тэр дундаа Япон улсад нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд туслах юм. Энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд Приморийн хязгаарт байгалын хий шингэрүүлэх завод барих болно.

Ази тив бол оросын хийн ирээдүйтэй зах зээл гэж оросын түшмэдүүд нэг бус удаа мэдэгдэж байсан юм. Владивосток хотод болсон АНДЭЗХАБ-ын дээд хэмжээний уулзалт дээр Алексей Миллер АНД орнуудад нийлүүлэх оросын хийн экспортын хэмжээ Европ тивд нийлүүлж байгаа хэмжээнээс давна гэж мэдэгдсэн юм. Учир нь Хуучин ертөнцөд оросын хийн хэрэглээ багасаж АНД хөгжиж байгаа эдийн засаг нүүрс устөрөгчийн түүхий эдийг улам ихээр хэрэглэхийг шаардаж байна. Харин Ази тивийн хийн зах зээлийн тоглоомын дүрэм нь Хуучин ертөнцийнхөөс эрс ялгаатай байгаа гэж Санхүү, эрчим хүчний хүрээлэнгийн шинжээч Сергей Кондратьев ярьж байна: «Азийн зах зээл анхаасаа Шигнэрүүлсэн байгалын хийн \ШБХ\ зах зээл маягаар бүрэлдэн тогтож байгаа, энд Өмнөд Солонгос, Япон улсууд, ирээдүйд Хятад улс зэрэг цөөхөн томоохон худалдан авагчид байгаа юм. Үнэ бүрдэлт болон худалдан авагчидтай харьцах харилцаа европын зах зээлээс өөр маягаар бүрэлдэж байгаа юм. Нөгөө талаас нь авч үзвэл энд Европ тивд болж байгаа шиг Евро комисс үндэсний компаниуд болон засгийн газрууд бүр даамжраад гадны тоглогчид тэр дундаа “Газпром” компанид ч өөрийн нөхцлөө улам хүчтнэй тулган шаардаж байгаа нэгдсэн нормативийн механизм байхгүй юм» гэж тэр ярилаа.

Хятад улсад нийлүүлэх оросын хийн экспортын тухай асуудал одоохондоо “хаалтан дотор” байна гэж шинжээчид тэмдэглэж байна. Байдлаас ажихад Газпром ШБХ-н азийн зах зээлийг Хятадтай холбохгүйгээр авч үзэж байх шиг байна. Сергей Кондратьевын үзэж байгаагаар Хятад улс маш хэцүү хэлэлцэгч, тэгээд ч нийлүүлэгчид нөхцлөө тулгах муу аргатай юм.

Газпромын хувьд маш ирээдүйтэй, зарчмын хувьд шинэ чиглэл бол занарын нефть олборлох явдал юм гэж тус нэгдлийн тэргүүн Алексей Миллер мэдэгдсэн юм. Энэ нь АНУ-д болж байгаа “занарын хувьсгалд” өгч байгаа ОУ-ын нэг ёсны хариулт юм. Оросын занарын нефть гэдэг бол Баруун Сибирийн уулын чулуулагт агуулагдаж байгаа нүүрс устөрөгч юм. Үндэсний эрчим хүчний аюулгүй байдлын сангийн ерөнхий захирал Константин Симонов тэнд маш их бодит нөөц байгаа гэж үзэж байна: «Геологчдын урьдчилсан үнэлгээ үнэхээр агуу юм. Нефть агуулсан занарын ганцхан орд газрын бодит нөөц нь одоо бид Баруун Сибирьт олборлож байгаагийн тал хувьтай нь тэнцэнэ» гэж тэр ярилаа.

Занарын нефтийг олборлох нь үнэхээр хүнд процесс гэдэг нь өөр асуудал юм. Газпром нэгдэлд хөрөнгө оруулалт, шинэ технолог шаардлагатай болно. Эдгээрийн нэгдүгээр нь ч, хоёрдугаар нь ч асуудал биш гэдэгт “Универ Капитал” компанийн шинжилгээ судалгааны хэлтсийн дарга Дмитрий Александров итгэлтэй байна: «Газпромнефть компани энэ салбарын тэргүүлэгчдийн нэг Шелл компанитай түншийн холбоотой юм. Энэ компани уламжлалт бус нүүрс устөрөгч болох битумын нефть, зунгааралдсан нефть, элс зэрэг түүхий эдийн нөөцийг олборлох талаар баялаг туршлагатай юм. Энэ бол сонгож болох хамгийн шилдэг түншүүдийн нэг юм» гэж тэр ярилаа.

Ийм учраас занараас нефть олборлох бүхий л хэрэгсэл Газпром компанид байгаа юм. Харин хамгийн гол нь татварын асуудлыг шийдэх шаардлагатай байгаа юм. Үүнээс л “занарын” төслийн эдийн засгийн үр ашиг хамаарах юм. Занарын нефтийн олборлолт одоо цаг үеийн асуудал болоод байхад төр засаг бизнесийг угтан тосох алхам хийх байлгүй дээ.