Бид та бүхнийг Орос орноор хийх тойрон аялалд урьж байна. Орос улсын европын зүүн хойд хэсэгт Мурманск хот оршдог. Энэ хот дэлхийн умард туйлын хамгийн том хотод ордог бөгөөд Мурманск мужийн засаг захиргааны төв юм.Нутаг дэвсгэрийн ихээхэн хэсэг нь Кольскийн хойгт байрладаг. Энэ нутаг хүйтэн цаг уур, ер бусын байгалийн сайхан болон зочломтгой ард түмнээрээ алдаршсан юм.

Эрт дээр үеэс нутгийн эдийн засгийн гол үндэс нь далайн амьтны болон загасны агнуур болоод давс чанахад оршиж байв. 17-р зууны дунд үеэс Кольскийн хойг дээр ашигт малтмал олборлож, анхны мөнгө болон зэсийн хүдэрийн ордуудыг нээжээ. Харин 20-р зууны эхэн үед Кола гол Баренцевын тэнгист усаа цутгадаг тэр буланд одоогийн Мурманск хотыг барьж байгуулах ажил эхэлжээ. Хот стратегийн ач холбогдолтой бөгөөд Орос улс энэхүү хөлдөдгүй булангаар дамжиж Хойд мөсөн далайд гарах гарцтай болсон.

Хязгаар нутгийн баялаг түүхийг нутгийн хүмүүс хадгалж ирсэн байдаг. Мурманксийн мужийн нутаг дээр янз бүрийн үед нутгийн хүн амын амьдрал ахуйг харуулсан олон тооны түүхэн дурсгалууд байдаг. Гэхдээ жуулчдыг хамгийн ихээр татваг зүйл бол Кольскийн хойгийн ер бусын байгалийн сайхан.

Уул ус, их бага гол мөрөн, хүрхэрээнүүд, Цагаан болон Баренцевын хоёр тэнгис, ой моднууд, тундр – энэ бүгд нь Мурманскийн мужийн зочид гийчдийн өмнө томоохон боломжуудыг нээж байдаг юм.

Газрын зураг дээр Кольскийн хойгийн гол байрыг Хибины уулууд эзэлдэг. Эдгээр уулс төдийлөн өндөр бус ч, хавтгай оройтой, огцом ганга, бэлтэй. Энэ нь эрт цагт Кольскийн хойгийг хучиж байсан мөсжилт ийн мөрөө үлдээсэн аж. Хибины уулс нь уулын цанын амралтын газраараа алдартай юм. Жил бүр энд Орос улсаас төдийгүй гадаадын орнуудаас мянга мянган хүн цана, сноубордоор гулгахаар ирдэг.

Олон мянган жилийн өмнөх мөсжилт гол мөрнүүдийг тэлэн, гүнзгийрүүлж, голдирлийг өөрчилжээ. Одоо тус мужид 20 мянга орчим гол байна. Тэдгээр гол мөрнүүд нийлэн нэгдээд маш их олон нуур бий болгожээ. Тунгалаг устай хурдан урсгалтай, гол хөнгөн завь болон сэлүүрт завиар аялахад тохиромжтой байдаг. Олон гол усны эх бие биедээ их ойр байдаг, тиймээс тэд огтолцон хойг болсон. Оросын хойд хэсгийн хөдөө нутгийн амьдралын өнгө будгийг Мурманскийн мужийн Терскийн тосгонд мэдэрч болно. Энд жуулчдад модон байшинд амьдарч, ардын уламжлал ёс заншил, гар урлалтай танилцах боломж олгодог.

Кольскийн хойгийн ой мод болон тундр жимс, мөөгөөр баялаг юм. Тэдгээрийн тансаг баян жуулчдыг татдаг. “Ойн ургацыг” хураах улирал зуны хоёрдугаар хагсаас намар хүртэл үргэлжилдэг. Хойд хэсэгт бол энэ нь хамгийн сайхан улирал байдаг. Хөвд, хаг өвсний өнгийн гоё цэцгүүд Тундрын чулуурхаг хөрсөнд давтагдашгүй хээ угалзыг үлдээсэн байдаг. Мод, сөөгний төрөл бүрийн өнгийн навчис, нуурын толь болон чулууны бутархай энэ бүгд улам их сэтгэл хөдөлгөнө.

Кольскийн хойг нь саамчуудын бага эх орон. Саамчууд нь хойд нутгийн бага үндэстэн бөгөөд тэдний төлөөллүүд Орос улсаас гадна скандинавын орнуудад бас аж төрдөг. Мурманскийн мужид 2000 орчим хүн аж төрдөг. Тэд цөөн тооны ч гэсэн бусад ард түмний дунд уусахыг хүсдэггүй, өөрсдийн өвөрмөц соёлыг нарийн хадгалж ирсэн. Кольскийн саамуудын ихэнх хэсэг нь Ловозеро тосгонд аж төрдөг.Тэнд Саамчуудын үндэсний соёлын төв ажилладаг төдийгүй тэнд ардын үндэсний баярууд, саамын соёлын наадмуудыг явуулдаг. 2003 оноос саамын радио нэвтрүүлэг явж байна. Энэхүү үндэстэн нь эрт дээр үеэс загас барьж, цаа буга үржүүлж, ан гөрөө хийж, нүүдэлчний амьдралаар амьдарч ирсэн. Одоо үед саамчуудын чум буюу оромжийг орон нутгийн музейд л үзэх боломжтой.

«Цаа бугын арьсыг газар дэлгэж, түүн дээрээ тулга тавьж тогоондоо хоол ундаа хийдэг. Энэ нь гэрэл гэгээ, бүлээн дулаан, хоол хүнс өгдөг. Ингэхдээ тэд зөвхөн модон сав хэрэглэдэг байсан» гэж Саамчуудын түүх, соёл, ахуйн музейн тайлбарлагч Елена Колкина ярьлаа.

Цагаан тэнгисийн эрэг дээрх Терскийн дүүргийн тосгонууд поморчуудын эх орон. Эд бол угсаатны онцгой бүлэг . Поморчууд бол 12-р зууны үед Цагаан болон Баренцэвын тэнгисүүдийн эргүүдээр шилжин суурьшсан оросууд юм. Тэдний гол амьжиргааны үндэс нь далай байлаа. Поморчууд загас жараахай барьж, тэнгисийн амьтдыг агнаж, давс чанаж, зарим үед сувд түүдэг байлаа. Хэдэн зуун жилийн хугацаанд поморчууд нь өөрийн амьдралын хэвшмэл, соёлтой болжээ. Тэд сайн дайлайчин болж, усан онгоц барьж, сүйхээтэй наймаачид болжээ. Тэдний байр байшин нүнжигтэй, бат бэхээрээ болон хувцас хунар нь тансаг хатгамлааараа, ахуй нь цэвэр цэмцгэрээрээ ямагт ялгагдадаг аж. Тэд чөлөөт цагаараа сайхан дуу дуулж, урлаг соёлын авъяасаа харуулдаг.

«Мурманскийн түүхэн дурсгалт газруудын жагсаалтанд жинхэнэ хосгүй объектууд ордог. Жишээ нь, Газрын гаваар 12 гаруй км үргэлжлэх Кольскийн хэт гүнзгий цооног. Үүнийг манай дэлхийн хэвлий дэхь процессыг судлах үүднээс шинжлэх ухааны зорилгоор өрөмдсөн ажээ. Өрөмдлөгө хийсэн газар нь Норвегийн хилээс холгүй байсан нь санаандгүй биш юм. Чухамдаа эндхийн газрыг хөрсөн дээр 3 тэрбум орчим жилийн настай галт уулын чулуулагууд байдаг. Цооногийг 1970 оноос эхэлж өрөмдсөн бөгөөд завсарлагатайгаа нийт 20 гаруй жил үргэлжилжээ. Энэ хугацаанд эрдэмтэд нэг бус, харин нилээд цооног өрөмдөсөн аж. Одоо Кольскийн хэт гүнзгий цооногийг хаасан. Эрдэмтэд чулуулагуудын дээжээс хийсэн шинжилгээнээс манай гаригийн тухай олон зүйлийг шинээр мэдэж авсан юм.

Мурманскд оросын атомын мөс зүсэгч хөлөг онгоцны флот байрладаг. Энэ нь хөлөг онгоцнуудыг Хойд мөсөн далай руу Европ, Азий хооронд маш дөт замаар хөтлөн гаргахад зориулагдсан юм. Мөс зүсэгч хөлөг онгоцнуудад гадны хүмүүсийг оруулдаггүй, гэхдээ жуулчдад атомын мөс зүсэгч алдарт “Ленин” хөлөг дээр очих хосгүй боломж бий. 1959 онд баригдсан энэхүү хөлөг дэлхийн анхны иргэний зориулалттай цөмийн эрчимхүчний төхөөрөмжтэй хөлөг онгоц. Зууны гуравны нэгийг энэхүү зөвлөлтийн манлай онгоц Хойд мөсөн дайлайд ажиллаж өнгөрөөсөн. Энэ жилүүдэд мөс зүсэгч “Ленин” 650 мянга гаруй милийг явж, дөрвөн мянга гаруй хөлөг онгоцнуудыг гаргаж өгчээ . Одоо энэ онгоц Мурманскийн боомтын эрэг дээр зогсч, зочид гийчдийг хүлээн авч байна.

Мурманскийн муж цэргийн алдар гавъяагаараа алдартай. 1941-1945 оны Дэлхийн хоёрдугаар дайны жилүүдэд энд хатуу ширүүн тулалдаан болж байсан. Гитлер Мурманск хот болон тус улсын төв рүү чиглэх төмөр замыг ахар богино хугцаанд эзлэн авах тушаал өгч байсан. Гэхдээ түүний энэ төлөвлөгөө зөвлөлтийн ард түмний баатарлаг эсэргүүцлийн дүнд баларсан юм. Фронтын зарим хэсгүүдэд дайсны цэргүүд ЗСБНХУ-ын дархан хилийг давж чадаагүй юм. Одоо тэр үеийг сануулах Умард туйлын дайчдад зориулсан хөшөө байдаг . Түүнчлэн, энд байлдаан болж өнгөрсөн газруудад хамгаалалтын байгууламжууд үлдэсэн. Тэдгээр цэрэг эрс дөнгөж сая л тэндээс явсан мэт...

Мурманскийн мужид дэлхийн анхны сансрын нисгэгч Юрий Гагарин анх цэргийн алба хааж байжээ. Корзуново тосгонд түүний алба хааж байсан Хойд флот байрлаж байв. Ийшээ дэслэгч Юрий Гагарин нислэгийн сургууль төгсөөд хувиарлагдаж байсан. Тэрбээр сансрын нисгэгчдийн анхны отрядад хуварилагдахын өмнө, сөнөөгч онгоцны хороонд дөрвөн жил алба хаасан ажээ. Энд Юрий Гагарин гэр бүл болж, энд тэдний анхны охин төрж байсан. Залуу гэр бүлд багахан модон байшинд тусгайлан өрөө гаргаж өгч байсан байна. Гагарин дэлхийн алдартан болсныхоо дараа энд эргэж ирж байжээ.

Мурманскийн мужийн тухай урт удаан яриа дэлгэж болно. Гэтэл оросын Умард туйлын сайхныг үгээр хэлэхийн аргагуй юм. Энэ бүгдийг үзэж харах хэрэгтэй. Эндхийн өдөр ч, шөнө ч тэр хүмүүст хосгүй гайхал төрүүлдэг. Жил нэг сар энд туйлын шөнө болдог, тэр үед нар гардаггүй, гэхдээ тэнгэрийг туйлын туяа гэрэлтүүлдэг. Энэ бүхэн нь ямар гайхамшигтай гэж санана! Энд зун хоногийн турш гэгээтэй байдаг, яг л өдөр шиг.Тэнгэрт Наран өдөржин наадан зугаална...