Хятадын 5 дахь үеийн «Зянь-31» сөнөөгч онгоцны туршилтын анхны нислэг амжилттай болов. Энэ сөнөөгч онгоц Хятад улсаас кибер тагнуулын талаар амжилт гаргасны ачаар бий болсон цэргийн нарийн техникийн анхны загвар гэж Стратеги, технологийн шинжлэлийн төвийн шинжээч Василий Кашин үзэж байна.

Хятадын 5 дахь үеийн 2 дахь сөнөөгч онгоцны анхны дүрс зураг Шэньянийн нисэх онгоцны аж үйлдвэрийн корпорацын зохион бүтээгчдийг зоригжуулсан эх сурвалжийг тод харуулав. Сөнөөгч онгоцыг янз бүрийн талаас нь тусган харуулсан анхны нислэгий нь гэрэл зураг түүний планер америкийн хэтийн төлөвтэй F-35 сөнөгч онгоцныхтой бараг адилхан байгааг нотлон харуулав.

F-35 маягийн хятадын сөнөөгч онгоц бий болсон нь гэнэтийн үйл явдал болоогүй. 2009 онд хятадын нутаг дэвсгэрээс F-35-ыг зохион бүтээсэн нэгэн компанийн компьютерийн сүлжээг эвдээд Пентагоны сүлжээнд нэвтрэн америкийн нисэх онгоцны талаар их хэмжээний баримт мэдээллийг хулгайлж авсныг нийтээр мэднэ. 

Гэвч их хэмжээний мэдээлэл хулгайлж авсан ч F-35-ыг хуулан хийж чадахгүй гэж урьд үзэж байсан. Үүний хамт америкийн сөнөөгч онгоцны төрх, боломжийг лавтай төсөөлөх боломж олгоно гэж бас үзсэн билээ. Нөгөө талаас F-35 сөнөөгч онгоцны талаар баримт мэдээллийг хулгайлсан өөр тохиолдол ч байж болзошгүй. Америкийн тусгай албадаас түүнийг тогтоож бүртгээгүй эсвэл зарлан мэдээлээгүй байж болно.

Хятадууд F-35-ыг бүрэн хуулан авсан хэмээн үзэж болохгүй гэж Стратеги, технологийн шинжлэлийн төвийн шинжээч Василий Кашин үзэж байна. Тэгэхэд хөдөлгүүрийн үйлдвэрлэл болон радиолокацын станцын бүхээгийн ба удирдлагын системийг эзэмших нь зайлшгүй чухал. Эдгээр эд ангийн техникийн түвшин хятадын аж үйлдвэрийн боломжоос нэлээд тэргүүлж байна. Байдлаас харахад туршилтын нислэг хийсэн « Зянь-31» БНХАУ-д экспортын FC-1 сөнөөгч онгоцонд нийлүүлж байгаа оросын үйлдвэрлэлийн РД-93 хөдөлгүүртэй байна.

РД-93 маягийн хятадын WS-13 Taishan хөдөлгүүр бүтээх ажил олон жил үргэлжилж байгаа боловч дуусах яагаа ч үгүй. Эдүгээ хятадын 5 дахь үеийн сөнөөгч нисэх онгоцонд өөр чухал эд анги тухайлбал орчин цагийн радиолокацын станц шаардагдаж байна.

Ингээд «Зянь-31» болон түүнээс 1,5 жилийн өмнө бас туршилтын нислэг хийсэн «Зянь-20» технологийг үзүүлэх туршилтын загвар төдий байгаа бололтой. Түүнийг зохих агрегат, системээр нэлээд удаан тоноглох юм. «Зянь-20» сөнөөгч онгоц жинхэнэ үндэсний загвар байхад «Зянь-31» гадаадын загварын зохион бүтээх хэдэн шийдвэрийг хуулан давтсан сөнөөгч онгоц билээ.

Зохион бүтээгчид нь ахиц дэвшил гаргаагүй нөхцөлд «Зянь-31» компьютерийн тагнуулын эрин эхлэсний тод бэлгэ тэмдэг болсон гэж Стратеги, технологийн шинжлэлийн төвийн шинжээч Василий Кашин үзэж байна. Амжилт гарсан шиг байна. Гэвч гадаадын техникийн шийдвэрийг ийнхүү хуулах явдал БНХАУ-д хор холбогдолтой болж мэднэ.

Уламжлах (худалдан авсан буюу хулгайлсан) технологид тулгуурлан хөгжих нь тодорхой үед зайлшгүй. Гэвч түүнийг урт хугацааны амжилттай стратеги хэмээн үзэж болохгүй. Уламжлан авч дадах явдал үндэсний инновацийн чадавхийг дараж, нарийн түвэгтэй биеэ даасан төслүүдийг хэрэгжүүлэх туршлага хуримтлахыг саатуулж байна.