Янз янзын цэрэгжүүлсэн бүлгийн мөргөлдөөн, цуст ажиллагаа, энгийн хүмүүсийн амь насыг бүрэлгэх дайны ёс, олон улсын хүмүүнлэгийн эрх зүйг зөрчих явдал бүр 1,5 жилийн турш Ливийн байдлыг тодорхойлж байна. Ардчилал тогтоохын тулд Муаммар Каддафийг огцоруулсан гэлцдэг. Харин одоо автоматаар зогсоо зайгүй хаа сайгүй буудаж байгаа сахалтай хүн ардчиллын нэг ёсны бэлэгдэл болжээ.

«Харамсалтай нь байдал адгийн муу чиглэлээр хөгжив. Сүүлийн үед түүний дотор Бани-Валидад болсон хэрэг явдал өөдрөг үзэл санаатай болгохгүй байна гэж 2011 он хүртэл Ливид Оросын дипломат төлөөлөгчдийн газрыг тэргүүлж байсан дипломат ажилтан Владимир Чамов хэлээд «Өнгөрсэн онд засгийн эрхэнд гарсан босогчид ба Каддафийн талынхны тэмцэл үргэлжилж байна гэж одоо тус улсын байдлыг хялбарлчлан тайлбарлаж байна. Миний бодоход байдал үүнээс илүү хүнд түвэгтэй байна. Омогууд өрсөлдэж байна. Урьд нэгдсэн улс үндэстнээ цогцлон байгуулахыг оролдсон Ливи удирдагч нь үгүй болж, байлдан дайтах замаар дэглэмийг сольсноос хойш дотроосоо бутрав.

Энэ үйл явц одоо үргэлжилж байна. Тус улсад улс төрийн хөдөлгөөн биш омгууд л тэмцэлдэж байгааг шинэ парламентын сонгууль харуулсан. Мэдээжээр олон хүнтэй омогууд л сонгуульд ялсан. Иймээс байдал цаашдаа хэвийн тайван болно гэж бодохгүй байна. Одоо хүмүүс хүнд байдалд орсон. Тэр тусмаа тэд өнөөгийн байдлыг урьдынхтай харшуулж мэднэ. Ливийн 600 мянгаас 1 сая хүртэл оршин суугч Тунист, 500 мянга орчим нь Египетийн Каир, Александрид шилжин суусан. 1,5 сая хүн цагаачлав. Энэ тоо баримт үнэн зөв байвал, 6 сая хүн амтай улсад аймшигт хохирол учирсан байна» гэлээ.

Салан тусгаарлах үзэл санаа гаарч байгаа нь илүү их хохирол учруулж мэднэ. Ливид төвийн оновчтой засаг үгүйг Сайд нарын танхимын саяхны сонгууль нотлон харуулав. Гэвч улсын хувьд Ливи сөнөнө гэхэд эртдэнэ гэж Владимир Чамов үзэж байна.

«Юм бүхэн эцэслэсэн гэж бодохгүй байна. Тэсвэр тэвчээртэй байж тохиролцох маш хүнд түвэгтэй үеийг арга буюу давах хэрэгтэй. Гурван хэсэгт хуваагдснаар үйл явц төгсөхгүй. Жишээ нь нэг хэсэг нь ахин хоёр хэсэгт хуваагдах нөхцөл бий. Гэвч ингэж хуваагдахгүй байх. Жишээ нь Ирак сүүлийн 7,8 жилд маш хүнд байдалд орсон ч бутраагүй байна. Ирак ирээдүйн Ливид үлгэр жишээ болж мэднэ. Нэгдсэн буюу холбоот улс цогцлон байгуулж болно. Гэвч ливийн хүн ам л эл асуудлыг шийдвэрлэх ёстой. Хамгийн гол нь омогууд өөр хоорондын дайсагналаа эцэслүүлж, нийгэм-эдийн засгийн асуудлын шийдвэр дээр ажиллах ёстой» гэж Владимир Чамов үзэж байна.

Эдгээр асуудал Ливийн хөрш зэргэлдээ хувьсгал ялсан Тунис, Египет улсуудад бас тулгарсан.

«Зарим улсад хувьсгал хийж дууссан гэж хэлэхэд эртдэнэ. Хувьсгал өөрийн тодорхой хууль ёсоор хөгжлийг түүх харуулж байна.Эдгээр хуулийг мэдэх хэрэгтэй. Иймээс «Францын хувьсгалын түүхийг анхааралтай унш. Орост ялсан хоёр хувьсгалын түүхийг илүү анхааралтай унш» гэж би арабын анх нөхөддөө зөвлөсэн» гэж Чамов хэллээ.

Ливийн түүхийн шинэ хуудас нээгдсэн гэж үзэх нь зөв байна. Гэвч мөн хуудас чухам ямар агуулгатай болохыг хэн ч мэдэхгүй байна. Хуудасны анхны мөр баярлуулахгүй байна гэж Владимир Чамов хэллээ.