Америкийн тал Вьетнамд диоксиноор хордсон газрыг цэвэрлэж эхлэв. Дайны үед америкийн нисэх онгоцуудаас 72 сая литр Agent Orange түүний дотор диоксин бүхий 44 сая литр хорт бодис вьетнамын ширэнгэ ойн дээр асгажээ. Газрын хөрст нэвтэрч шингэсэн тун аюултай хор өнөө болтол амьд юм бүхнийг хордоож байна. Мөн төрлийн хор бүр 500 жилийн дараа задраж үгүй болно гэж таамаглажээ.

1965 онд америкийн цэрэг Вьетнамд цөмрөн орсноос нэлээд өмнө ерөнхийлөгч Жон Кеннеди Вьетнамд химийн зэвсэг хэрэглэх тухай анхны тушаал өгсэн гэж «Независимая газета» сонинд бичжээ.1961 оны дундуур Өмнөд Вьетнамд зохих туршилт хийж эхлэжээ. 11-р сарын 30-нд ерөнхийлөгч Жон Кеннеди хорт бодис хэрэглэхийг сайшаав. Хорт үүлэн аажмаар вьетнамын бараг бүх нутгийг бүрхэв. Шатаах бөмбөг, хүнд танк, их бууг бодоход хорт бодис илүү олон хүнийг устгав. 70-ад он гэхэд химийн дайн Өмнөд Вьетнамын тариалангийн талбайн 43, ой модны талбайн 44 хувийг хамрав.

1987 онд байгуулагдсан орос вьетнамын Дулаан орны төв Вьетнамд диоксин хэрэглэсний хор уршгийг судлаж байна. Аймаар хор холбогдолтой болсон гэж Оросын ШУА-ийн Экологи, хувьсалын судлалын хүрээлэнгийн дэд захирал Юрий Прищепа хэлээд«Диоксин газрын харсний гүнд нэвтэрч, нөөцлөгдөж, халах үеэр шинэ хорт нийлэгийг үүсгэж байна. Хортой газар талбайд юун ч ургахгүй байна. Диоксин гол мөрний усыг хортой болгов.

Хүний организмд нэвтрэсэн диоксин арьсны ба хорт хавдарыг оролцуулан өөр хүнд өвчний шалтгаан болж, дархлалыг сулруулдаг. Вьетнамын хүн амын бүр 4 дэх үеийнхний биеийн гажигийг бид судлаж байна. Диоксин цацрагийн нэгэн адил биеэд нөөцлөгдөж, хортой нөлөө үзүүлж байна. Бид судлалынхаа материалыг орос, вьетнамын ба дэлхийн хэвлэлд нийтлэсэн. Энэ нь америкийн талаас нөхөх хөрөнгө авах боломж вьтнамын оршин суугчдад олгосон гэв.

Америкийн төрийн бус байгууллагууд диоксин хороор хордсон вьетнам хүмүүст туслаж, дотуур байртай сургууль барьж байна. Төрөлхийн гажигтай хүүхдүүд тэнд суралцаж байна. Вьетнамд нийт 4,8 сая орчим хүн диоксины золиос болсон. 3 сая нь хүнд өвчинтэй. Гэвч тэднийг химийн дайны золиос хэмээн үзэхээс АНУ татгалзаж байна.

Химийн зэвсэг хэрэглэсний уршгаар бие нь сул дорой болсон вьетнамын иргэдээс америкийн эрх баригчдад мэдүүлсэн заргыг тоомсорлохгүй байна. Харин химийн зэвсэг хэрэглэсэн бүст байсан америкийн цэрэгт хор үйлдвэрлэгчид 180 сая доллар нөхөж төлсэн. Вьетнам хүмүүст ашигтай ямар ч шийдвэр ахмадуудын байдалд зохисгүй нөлөөлж, «ерөнхийлөгчийн хилийн чанадад дайн хийх боломжийг маш их хязгаарлана» гэж 2005 оны АНУ-ын хууль зүйн яамны баримт бичигт өгүүлжээ. Хорт бодис хэрэглэсний уршиг «улс төрийн шуурга» үүсгэж мэднэ гэж үүнтэй холбогдуулан сонинуудад бичжээ.

Эхлээд вьетнамын Дананг нисэх онгоцны буудлын ойр хавийн газрыг диокиноос цэвэрлэж байна. Бараг гурван метр зузаан газрын хөрсийг хуулаж, тусгай эргэх зууханд хийж байна. 1000 хэм температурын нөлөөгөөр диоксин бүрмөсөн шатаж, хөнөөлт нөлөөгөө алдаж, «экологийн цэвэр бүтээгдэхүүн болж байна гэж үзсэн. Үнс ба өөр шаары нь барилгын материал буюу эрдэс бордоо болгон хэрэглэж болно. АНУ-аас Ханойд суугаа элчин сайд Дэвид Шиэрийн хэлснээр 2016 он гэхэд 73 мянган шоо метр газрын хөрсийг хоргүй болгох юм. Энэ зорилгоор Барак Обамагийн засаг захиргаанаас 41 сая доллар төсөвлөн гаргажээ. Гэвч энэ нь тун ялимгүй хөрөнгө билээ.

Дананг мэт томоохон голомтыг хоргүй болгоход 450 сая доллароос багагүй хэмжээний хөрөнгө шаардагдана гэж Agent Orange-Dioxin америк-вьетнамын яриа хэлэлцээний ажлын хэсэг үнэлэв. Хөрөнгө цуглуулах тухай дэлхий даяар зарлав. Буяны сангууд ба НҮБ-ын агентлаг, олон улсын байгууллагуудын тусламжтайгаар ямар нэг хэмжээний хөрөнгө цуглуулжээ. Гэвч эдгээр хөрөнгө цэвэрлэх өргөн цар хүрээтэй үйл ажиллагаанд хүрэхгүй. Хэрцгий аймшигт дайны үл мөр вьетнамын газар нутагт хойшид ч нэлээд удаан мэдрэгдэж нөлөөлөх бололтой.