Орос улсын “Газпром” компани таван жилийн дараа Якутын зүүн-хойд хэсэгт Чаяндын томоохон байгалийн хийн орд газрыг ашиглалтанд оруулах болон Владивосток хүртэл хийн хоолой тавих ажлыг дуусгахаар төлөвлөж байна. Энэ нь Орос улсын зүүн болон баруун хийн сүлжээнүүдийг нэгтгэхэд шийдвэрлэх шатны ажил байх юм. Түүнчлэн Приморийн хязгаарт байгалийн шингэрүүлсэн хийн заводыг барьж байгуулснаар Азийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх боломжтой бөгөөд тухайлбал, Япон улсын нийлүүлэлт нэмэгдэх боломжтой юм.

Ази-Номхон далайн орнуудад нүүрс ус төрөгчийн түүхий эдийн хэрэглээ өсөн нэмэгдсээр байна. Ойрын арван жилийн эцэст байгалийн шингэрүүлсэн хийн хэрэглээ хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байна гэж эрчим хүч, санхүүгийн хүрээлэнгийн шинжээч Сергей Кондратьев тэмдэглээд

«Азийн зах зээл эхнээсээ байгалийн шингэрүүлсэн хийн зах зээл болж бүрэлдэн тогтож байна. Энд эхний ээлжинд томоохон худалдан авагчид болох Өмнөд Солонгос, Япон байгаа бөгөөд цаашид Хятад байна. Энд үнэ бүрдүүлэх болон худалдан авагчидтай харилцах харилцаа нь европын зах зээлээс тэс өөр. Нөгөөтэйгүүр, Европ шиг Еврокомисс үндэсний компаниуд болон засгийн газрууд, гадаад тоглогчдод өөрийн хатуу нөхцөлүүдийг тулган шаарддаггүй аж» гэлээ.

Якутын Чаядины орд газарт жил бүр 25 тэрбум шоо метр хий олборлохоор төлөвлөж буй юм. Үүний нилээд хэсгийг Владивосток руу нийлүүлнэ. Энэхүү хийн хоолойн салаа мөчрийг барьж байгуулах ажил таван жилийн дараа дуусна. Үүний дараа Эрхүү мужийн Ковыктыны орд газрыг ашиглах төсөл хэрэгжих юм. Шинжээчдийн үзэж байгаагаар, Хятад улс руу байгалийн хий экспортлох асуудал хараахан бүрэлдээгүй байгаа аж. Энэ нь юуны өмнө Дорнод-Сибирийн бүс нутгийг хийжүүлэх болон Хятадтай холбоогүйгээр азийн шингэрүүлсэн хийн зах зээл дээр гарах гэсэн Газпромын бодлоготой холбоотой болов уу гэж Сергей Кондратьев үзээд

«Урьд өмнийн туршлагаас харахад Хятадтай яриа хэлэлцээ хийнэ гэдэг их хүндрэлтэй. Хэрэв Газпром тохиролцоонд хүрэх юм уу, аль эсвэл Хятадад тохиролцолгүй хийн хоолой барьж эхлэвэл, энэ нь хожим Хятад улс өөрийн болзлоо тогтооход хүргэж мэдэх юм. Тиймээс Газпром аль болох үйл ажиллааганы илүү эрх авахыг хүсч байна. Энэ утгаараа якутын Чаядины орд газрыг эзэмших, шингэрүүлсэн хийн хоолойг болон терминалыг барьж байгуулах нь тус компаний стратегид илүү нийцэж буй юм» гэлээ.

АНД-н бүсийн гол импортлогч болох Японы шингэрүүлсэн хийн зах зээл дээр АНУ, Канад, Австралийн компаниуд аль хэдийнэ гарч ирээд байна. Ингэхдээ шинжээчдийн үзэж байгаагаар Газпром нь өрсөлдөгч хэвээр үлдсээр байна. Сибирийн орд газрууд нөөцийн хувьд өндөр үзүүлэлттэй байгаа. Гэтэл якутын хийн чанар хосгүй юм. Тэдгээрийн найралгад химийн үйлдвэрүүдэд ашиглагдах тусгай элэментүүд бий. Тэндхийн нүүрс ус төрөгчийн олборлолтын өртөг маш хямд. Энэ нь худалдан авагчдад хамгийн ашигтай нөхцөлүүдийг санал болгох өргөн боломжийг нээж байна.