Эрүүл мэндийн байдал, хөгжилд нь хортой нөлөөлөх мэдээллээс хүүхэд хамгаалах тухай хууль 11-р сарын нэгэнд хүчин төгөлдөр болов. Энэ хууль ёсоор Интернетэд эрх зүйг зөрчих мэдээллийн хэрэглээг хязгаарлана. Тухайлбал баримт бичиг IP-хаягт сайтыг хааж, хориотой Интернет хуудасын нэгдсэн цэс зохиох боломж олгоно.

Хүүхдийн садар самуун ба мансууруулах бодисын тухай мэдээлэл, амиа хорлох уриа бүхий сайтыг хар цэст оруулна. Хориотой сайтын нэгдсэн цэсийг тусгай порталоос олж болно. Ийм хууль аль хэдийнэ шаардагдсан гэж Москвагийн өмгөөлөгчдийн коллегийн хуульч Владимир Юрасов хэлээд

«Хууль бус мэдээлэл тухайлбал садар самнууныг дүрслэсэн сайтыг аль болох түргэн хаах ёстой. Ийм сайтыг зохиож, техникийн үйлчилгээ үзүүлсэн этгээдүүдийн ажиллагааг хянан шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэж мэднэ. Иргэн-эрх зүйн хариуцлагын тухайд гэвэл сайты нь хууль бус хаасан гэж үзсэн байгууллага ийм шийдвэр гаргасан прокурорын газарт гомдол мэдүүлэх эрхтэй» гэв.

Оросын засгийн газраас хориотой мэдээлэл бүхий сайтыг хаах механизмыг батлав.Хар цэст оруулна гэж хостинг-провайдерт урьдчилан сануулах ёстой. Тэр нэг хоногийн дотор сайтын эзэнд энэ тухай мэдээлнэ. Эзэн нь хориотой мэдээлэл бүхий сайтыг 24 цагийн дотор арилгах ёстой. Тэгэхгүй бол хостинг-провайдер сайтыг хаана. Провайдер ийм арга хэмжээ авахгүй бол порталын IP хаягийг хар цэст оруулах юм. Ийм сайтыг шүүхийн шийдвэрээр ч мөн цэст оруулж мэднэ.

Интернет хамтын нийгэмлэг шинэ хуулийг эсэргүүцэж байгаагаа удаа дараа илэрхийлэв. Хуулийн төслийг 7-р сард Улсын думд хэлэлцээж байсан үед орос хэлт «Википедия» эсэргүүцэл илэрхийлж, нэг хоногоор хаагдав. Түүнчлэн LiveJournal, Яндекс бас эсэргүүцэв.

Улс төрийн зорилгоор буюу өрсөлдөх тэмцээний явцад зүй ёсны сайтыг хаах вий гэж тэдгээр сайтынхан болгоомжилж байна. Оросын хүний эрхийн төвийн «Хүүхдийн эрх» олон нийтийн байгууллагын удирдагч Борис Альтшулер «Оросын дуу хоолой» радиод өгүүлэхдээ

«Жишээ нь өрсөлдөж байгаа ямар нэг байгуулагад таалагдахгүй портал байна гэж бодоё. Түүнд хүүхдийн садар самуун, мансуурулах бодисын тухай ба амиа хорлохтой холбоотой мэдээлэл нэвтрүүлж мэднэ. Энэ хуулийн ажиллагаа сайтыг хууль ёсоор зохиогч, провайдерыг хохирооно гэж сэтгэл зовниж байна» гэв.

Хориотой биш мэдээлэл бүхий сайтыг зохиогч, провайдер, сайтын эзэн эмээх шалтгаан алга гэж хууль зохиогчид үзэж байна. Тэд интернет хамтын нийгэмлэгт хандан өөрөө идэвхтэй зохицуулахыг уриалав. Аюулгүй интернетийн холбоо хууль бус сайтыг шалгаж илрүүлэхэд туслана. Хөтөлбөр үр ашигтайгаа нотлон харуулав. Энэ оны эхний 9 сард тус холбооны мэдүүлгээр хүүхдийн садар самуун бүхий бараг 12 мянган интернет хуудас болон мансууруулах бодисын тухай мэдээлэлтэй 700 гаруй хуудасыг интернетийн оросын хэсгээс зайлуулав.

2012 онд Аюулгүй интернетийн холбооны мэдээллийг үндэслэн хүүхдийн садар самууныг дүрслэн тархаасантай холбогдуулан маш олон эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. Тус холбооны ивээгчдийн зөвлөлийн хуралдаанаас олон нийтийн газар тухайлбал сургуульд хэрэглэхийг зөвшөөрсэн интернет хуудасын цагаан цэс гэгчийг зохиох шийдвэр гаргажээ.