Олон улсын сансрын станцад ажиллаж байгаа сансрын нисгэгчдийг жинхэнэ сансрын найр хүлээж байна. “Прогресс М-17 М” ачааны хөлөг тойрог замд эрдэм шинжилгээний тоног төхөөрөмжүүд болон станцын эд ангиудаас гадна шинэ ургацын жимс: алим, бэрсүүт жүрж, лимон хүргэлээ.

“Союз-У” пуужин зөөгчийг ачааны “Прогресс” хөлгийн хамт 10-р сарын 31-ны өглөө Байконур сансрын буудлаас хөөргөлөө. Уг хөлөг станц руу 2,5 тонн орчим төрөл бүрийн амин чухал ачаа тээжээ. Энэ бол станц руу хурдавчилсан байдлаар илгээсэн хоёрдахь ачаа гэж сансрын салбарын шинжээч Андрей Красильников тэмдэглээд

«Өмнө нь станцтай ойртоход хоёр хоног шаардагдаж байсан бол энэ удаа ердөө хоёр цаг шаардагдаж байна. Ирэх оны хоёрдугаар сард тойрог зам руу нисэх ”Прогресс М -18” ачааны хөлөг дээр энэхүү схемээр ажиллахаар төлөвлөж байна. Гуравдугаар сараас тус хөлөг нь сансрын нисгэгчдийн хамт станц руу 7-8 дахин хурдан хүрч байх болно. Олон улсын сансрын станц руу хүрэхэд зам урьд найман хоног шаардагдаж байсан бол одоо хэдхэн цаг зарцуулагдах юм. Мэдээж хэрэг сансрын нисгэгчид ч жингүйдэлийг хялбар давах болно. Тэд багахан орон зайд бус, харин сансрын станц дээр байх болно» гэлээ.

Сансрын нисгэгчид эх дэлхийгээс өөрийн төрөл төрөгсөд болон дотны хүмүүсийнхээ илгээсэн амттан шимттэнийг тэсч ядан хүлээж байгаа. Сүүлийн жилүүдэд Олон улсын станцын хоолны жоронд нилээд өөрчлөлт орсон. Алдарт нэг, хоёрдугаар шахдаг хоолнуудын халагдах цаг нь нэгэнт ирсэн ажээ. Тэдгээр нь одоо цагт хоцрогдсон бөгөөд зөвхөн хоолны амтлагч л шахдаг саванд савласан байх аж. Нимгэн төмөр шахдаг савны оронд гялгар уут болон төмөр савнууд ашиглагдах болжээ.

Тэдгээр нь хэрэглэхэд илүү таатай байдаг. Нэгдүгээрт, амт чанарын хувьд газрын хоол хүнстэй ойр байдаг, хоёрдугаарт, энэхүү шинжлэх ухааны үндэстэй хүнсийг хэрэглэхэд халуун юм уу, хүйтэн ус хийхэд л хангалттай. Үүний дараа халбага юм уу, сэрээгээр иднэ. Гэхдээ үнэндээ бол сансрын нисгэгчид маань мэдээж хэрэг жинхэнэ хүнсийг илүүтэй хүлээж байдаг гэж Циолковскийн нэрэмжит Оросын сансрын академийн академч Александр Железняков тэмдэглээд

«Мэдээж бид ачааны хөлгийг бэлтгэж байхдаа аль болохоор сансрын нисгэгчдээ баярлуулахыг хичээдэг. Энэ удаа сансрын нисгэгчдийн шинэ жилийн ширээн дээр тавигдах хүнсийг нь илгээнэ. Энэ бол энэ онд станц дээр очих хамгийн сүүлийн ачааны хөлөг. Ингэхдээ бид шинэ жилийн баярыг мэдээж хэрэг мартаагүй» гэлээ.

Дашрамд хэлэхэд, сансрын нисгэгчид “Прогресс” хөлгөөс шинэ жимс ногоо, хүнс хүлээж авах их дуртай байдаг. Тухайлбал, тэд төрөл бүрийн бяслаг, кофе, сонгино, дарсан өргөст хэмх зэргийг илүүд үздэг. Энэ удаа тэд “Прогресс” хөлгөөр жаахан сармис илгээхийг хүссэн. Энэ нь тэдний Шинэ жилийн баяраар санаандгүй өвдөхөөс сэргийлж байгаа арга болов уу.