«Фукушима-1» АЦС-ын ослоос болж түр зогсоосон шинэ АЦС барих ажлыг сэргээнэ гэж БНХАУ-ын Төрийн зөвлөлийн хуралдааны дараа хятадын засгийн газраас нийтлүүлсэн мэдэгдэлд өгүүлжээ.

2015 оноос наана барихаар төлөвлөсэн хятадын шинэ АЦС-ууд эрэг хавийн бүст орших хийгээд олон улсын аюулгүй байдлын бүх стандартад нийцэхийг албан ёсны мэдээлэлд тэмдэглэжээ. Эрх баригчид атомын энергийн аюулгүй хөгжлийг баталгаатай болгохын тулд иж бүрэн хатуу хянан шалгах ажиллагаа явуулав. Эрчим хүчний аж үйлдвэрийг 2015 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг засгийн газрын хэмжээнд батласан юм. Энэ нь Хятад улс АЦС-ын барилгыг улс орныхоо эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөөнд оруулсан гэсэн үг.

АЦС-ын барилгын ажлыг сэргээх хөтөлбөр мөн салбарт Москва Бээжингийн хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийг нээж өгнө гэж шинжээчид үзэж байна. Эдүгээ Хятадад оросын мэргэжилтнүүдийн тусламжтайгаар барьсан Тяньванийн АЦС-ын эхний ээлжийг арилжааны үндсэн дээр ашиглалтад оруулав.

Тус станцын 3,4-р блокыг энэ оны шувтаргаар барьж эхлэнэ. Оросын ерөнхийлөгч Владимир Путины 6-р сард Хятадад хийсэн айлчлалын үеэр чухал хэдэн хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Атомын энергийн салбарт «Росатом», Хятадын атомын энергийн агентлаг хоёр хамтран ажиллах «замын зураг» гэгч тэдгээрийн дотор байна. Талууд энэ баримт бичгийн дагуу АЦС барих салбарт хамтран ажиллаж, сансрын зорилготой цөмийн энергийн системийг байгуулах хүрээнд хоршоо төлөвшүүлнэ.

Гэвч Хятад, Орос улсууд хамтран ажиллах төдийгүй олон улсын атомын зах зээлд өрсөлдөж мэднэ. Харин Фукушимагийн осолын дараа реакторт тавих техникийн шаардлага улам хатуу болсон гэж Энерги, аюулгүй байдлын тевийн захирал Антон Хлопков «Оросын дуу хоолой» радиод өгсөн ярилцлагдаа тэмдэглэжээ. АЦС барих үйлчилгээ нь аюулгүй гэдэгт захиалагчийг итгүүлэх зорилгоор Хятадаас нөр их ажил хийх ёстой гэж тэрээр хэлээд

«Дэлхийн зах зээлийн бүрэн эрхтэй этгээд болохын тулд Хятадад 3 дахь үеийн аюулгүй реактор шаардагдаж байна. Миний бодоход ойрын таван жилд Хятад дэлхийн зах зээлд ямар нэг зүйл санал болгож чадахгүй байх. Орос Өмнөд Солонгос хоёр улс энэ завсар өрсөлдөх нэмэлт давуутай болно. Хятад ойрын жилүүдэд дэлхийн зах зээлд идэвхтэй этгээд болж мэднэ гэж «Фукушима-1» АЦС-ын ослоос өмнө үзэж байсан» гэв.

Иймээс Хятад гол төлөв дотоодын зах зээлдээ хүчин чармайлтаа дайчилна гэж шинжээч үзэж байна. Тэр тусмаа Хятадын атомын салбарыг өргөжүүлэх бүрэн боломж байна. Эдүгээ БНХАУ-д цөмийн энерги нийт цахилгаан эрчим хүчний 2 хувь эзлэж байна. Агаар мандалд хаях хүлэмжийн хийг хорогдуулж, нүүрс ус төрөгчийн импортээс шалтгаалах явдлыг багасгахыг эрмэлзэж байгаа Бээжингийн хувьд цөмийн энерги улам их ач холбогдолтой болох юм.