Хятад, Өмнөд Солонгос улсуудтай газар нутгийн маргаантай байгаа асуудалд хандах эх оронч сэтгэлгээг Япон улсын сайд нарын танхим өөрийн рейтингээ өргөхийн тулд ашиглахаар оролдсон боловч ялагдал хүлээлээ. Тус танхимын рейтинг 9-р сартай харьцуулвал 10-р сард 13%-иар багасаж арай гэж 20% дээр тогтсон байна. Ажил хэрэгч “Никкей” сонины өнөөдөр нийтэлсэн олон нийтийн санал асуулгын дүн үүнийг харуулж байна.

Өнгөрсөн жилийн 9-р сартай харьцуулвал Ёсихико Нодагийн засгийн газрын оршин тогтнож байгаа бүх хугацааны хамгийн доод үзүүлэлт энэ боллоо. Урьд нь хугацаанаасаа өмнө огцорч байсан нэг ч засгийн газрын рейтинг 20% хүртэл хэзээ ч унаж байгаагүй юм. ОУ-ын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн шинжээч Валерий Кистанов үүнд анхаарал хандууллаа. Нам, сайд нарын танхим, Нодагийн өөрийнх нь нийт 3 рейтинг унаж байгаа тухай ярих хэрэгтэй юм. Итгэл 20%-тай байна гэдэг хамгийн доод үзүүлэлт юм. Үүнээс доошилвол сайд нарын танхим огцорч, улс орныг удирдах залуурыг нам алдана гэсэн үг юм гэж тэр ярилаа.

Япон улсад 10 жилийн дотор долоон засгийн газар солигдоод байна. Тэд бүгдээрээ сонгуулийн өмнөх амлалтаа биелүүлэх чадваргүй учраас огцорч байсан юм. Засгийн эрхэнд 3 жил болж байгаа ардчилагчдын рейтинг унах болсон нэг шалтгаан нь явуургүй гадаад бодлого гэж Валерий Кистанов үзэж байна: «Гурван жилийн хугацаанд нам болон түүний сайд нарын танхим Япон улсын эргэн тойрны байдлыг сайжруулж чадаагүй юм. Харин бүр эсрэгээрээ бүх гол түншүүдтэй харилцах харилцааг муутгасан байна. Жишээ нь, Окинавад байрлаж байгаа Футэма цэргийн баазын эргэн тойрны маргаан АНУ, Япон улсын харилцаанд цав гаргасан юм. Мөн Хятад, Өмнөд Солонгос улсуудтай харилцаа эрс муудсан. 2010 онд ОУ-тай харилцаа хэзээ ч байгаагүй доод хэмжээнд хүрч байсан» гэж тэр ярилаа.

Хөршүүдтэй үүссэн газар нутгийн маргаантай асуудлыг шийдэнэ гэж япончуудад амалсан боловч биелүүлээгүй юм. Такэсима арлын талаар Өмнөд Солонгос улстай маргалдаж байгаа асуултанд эргэлт гаргаж түүхэн үнэнийг сэргээхэд дэмжлэг үзүүлхийг засгийн газар олон нийтээс хүссэн юм. Үндсэрхэг үзлийг сэргээх асуудал ашиг тус өгсөнгүй. Сөүлтэй харилцах харилцаа Дэлхийн 2-р дайнаас хойшхи хамгийн доод хэмжээнд хүрсэн юм. Энэ арлын эргэн тойрны асуудал хурцдаж түгшүүрийнхээ дээд цэгт хүрэх үед Сөүл Дэлхийн 2-р дайны үед япончууд Солонгосын хойг дээр дураараа дургиж, түрэмгийлэж байсныхаа төлөө уучлалт гуйхыг Токиогоос шаардаж эхэлсэн юм. Шинэ үеийн япончууд өвөө, аав нарынхаа хийсэн муу үйлийн төлөө хариуцлага хүлээхийг хүсэхгүй байна.

Сенкаку ольтрог арлуудын 3-ыг нь улсын болгосон нь япончуудын үндэсний үзлийг асаах байлаа. Харамсалтай нь Хятад улстай харилцаа хурцадсан явдал япончуудын үндэсний ухамсарт хүнд цохилт өглөө. Хятад улс Япон улсаас биш тэдний эх орон нь Хятадаас ихээхэн хамааралтай болсныг тэд ойлгосон байна. Өнгөрсөн сард Хятад улс дахь Японы экспорт эрс унасан ба өнгөрсөн жилийн 9 сартай харьцуулвал 14%-иар буурсан байна. Газар нутгийн маргаан дээд цэгтээ хүрч байхад Япон улс дахь хятадын экспорт 3,8%-иар өссөн байна.

Тэр тусмаа японы хэрэглээний бараа жишээ нь машин, мотоцикль худалдан авах хэмжээ 45, 31%-иар тус тус буурсан байна. Японы эсрэг олон нийтийн эсэргүүцлийн хөдөлгөөнөөс болоод японы бизнесменүүд Хятадад хөрөнгө оруулах нь эрсдэлтэй гэдэгт эргэлзэхгүй боллоо. Хятадын зах зээлийг тогтвортой, урьдчилан харж болохуйц гэж үзэж байсан бизнесменүүд улс төрчидөд тооцоогоо харуулж байна. Ёстой л нөгөө Бээжин найтаахад Токио ханиад хүрлээ гэдэг шиг юм боллоо. Хохиролыг хэн барагдуулах вэ?