Оросын Роснефть компани нефтийн олборлолтоор дэлхийд тэргүүлэхэд дөхөв. Учир нь орос-британийн ТНК-ВР компанийг худалдан авах хэлэлцээр байгуулах ажиллагаа төгсөж байна. Британийн ВР нефтийн концерн, оросын ААR компаниос хувиа худалдан авах болзолыг уялдуулан зохицуулжээ.

Британийн компани ТНК-ВР компанийн өөртөө ногдох хувьцааны тэн хагасыг 17,1 тэрбум доллароор худалдан авч, улсын компанийн хувьцааны 12,84 хувийг өгөхэд бэлэн байна. Түүнээс гадна ВР Роснефть компанийн хувьцааны бас 5,66 хувийг «Роснефтегаз»-аас худалдан авах хүсэлтэй байна. Тэгснээр британийн концерн 20 хувь хувьцаатай Роснефтийн хувьцаа эзэмшигчийн хувьд төрийн дараа хоёрт орж, улсын компанийн захирлуудын зөвлөлийн 9 гишүүний хоёрыг томилох юм.

Роснефть ТНК-ВР компанийн оросын хувьцаа эзэмшигч-ААR хувийн концерны багц хувьцааг 28 тэрбум доллароор худалдан авах юм. Хэлэлцээрийн гол гол болзолыг зохицуулжээ. Хэлэлцээр байгууулж дуусвал оросын улсын корпораци батлагдсан нөөц ба нефтийн хоног дутмын олборлолтын хэмжээгээр бусад компаниудын дотор тэргүүний байр эзлэх юм. Роснефть компанийн тэргүүн Игорь Сечиний хэлснээр ТНК-ВР -ийг худалдан авснаар улсын компанийн санхүүгийн үзүүлэлт 60-70 хувиар өсөн нэмэгдэнэ. Роснефть, ТНК-ВР хоёрын үйлдвэрлэлийн боломжийг нэгтгэх нь эдгээр хоёр компанийн дэд бүтцийг илүү оновчтой болгоход туслана.

Британийн концерны тухайд гэвэл ТНК-ВР Роснефть компанийн хяналтад шилжэсний үр дүнд ААR консорциумтай хамтран ажиллахаа болих юм. ВР ба тус консорцуумын хоорондын харилцаа хүнд түвэгтэй байсан. Харин улсын томоохон компанитой нэгдэх явдал оросын зах зээлд ВР-ийн байр суурийг улам бэхжүүлнэ. Энэ нь британийн концернд чухал юм. Учир нь сүүлийн үед шинэ шинэ төсөл шаардагдсан.

Роснефть компанитой байгуулсан хэлэлцээр хөрөнгө оруулах шинэ боломжийг нээж өгнэ. Эрчим хүчний стратегийн хүрээлэнгийн дэд ерөнхий захирал Алексей Громов үүнтэй холбогдуулан хэлэхдээ: «Энэ нь британийн хувьцаа эзэмшигчдийн хувьд юуны түрүүнд Арктикад нөөцийн төслийг хэрэжүүлэх стратегийн түнш болох боломж олгох үйл хэрэг болсон. Арктикын орд газруудыг ойрын 10-15 жилд эзэмшихээр төлөвлөснийг харгалзвал эрчим хүчний салбарт стратегийн түншлэл төлөвшүүлэх замаар үнэхээр анхны алхам хийсэн» гэв.

Орос улс ВР концерны бизнест чухал үүрэг гүйцэтгэж байна. ТНК-ВР-д 50 хувь хувьцаатай болохоор олборлолтын бараг 20 хувийг хангаж байна. ВР Роснефтийн капиталд нэгдэж, оросын зах зээлд байр сууриа хэвээр хадгална. Энэ нь гадаадын бусад хөрөнгө оруулагчдад өгсэн нааштай дохио гэж Үндэсний эрчим хүчний аюулгүй байдлын сангийн захирал Константин Симонов онцлоод: «Өрнөдийн компаниуд Орос улсаас эмээж байна. Энд өрнөдийн хөрөнгө оруулагчдад дургүй байна гэх мэт үг яриа санаанаас зохисон зүйл юм. Зөвхөн энэ онд Роснефть Exxon Mobil, Statoil, ENI зэрэг компаниудтай томоохон гурван хэлэлцээр байгуулав. ВР ч оросын зах зээлээс гарч явалгүй Роснефтийн хувьцааны томоохон хувийг эзэмших болсон» гэв.

Ойрын үед гадаадын компаниудтай хамтран хэрэгжүүлэх төслүүдийн тоо өсөн нэмэгдэнэ гэж шинжээч үзэж байна. Дашрамд хэлэхэд улсын компанийг засгийн газрын төлөвлөгөөний дагуу цаашид хувьчлана гэж эдийн засгийн хөгжлийн сайд Андрей Белоусов ВР, Роснефтийн хооронд хэлэлцээр байгуулсан тухай мэдээлсний дараа мэдэгдсэн байна. Энэ оны 6-р сард засгийн газрын захирамжаар батласан хувьчлалын төлөвлөгөөний дагуу 2016 он гэхэд төр Роснефть компанийн капиталаас бүрмөсөн гарах юм.