«Арабын хавар» бол Жорж Бушийн санаачилсан «Их Ойрхи Дорнод байгуулах ба энэ орон зайг ардчиллах» үзэл баримтлалын хор холбогдол юм. Оросын ГХ-ийн сайд Сергей Лавров «Российская газета» сонинд өгсэн ярилцлагдаа Ойрхи Дорнодын байдлыг тэгж тайлбарлажээ. Энэ мэдэгдэл Ойрхи Дорнод, Хойд Африкт одоо болж байгаа үйл явдлыг ардын аяндаа үүссэн хөдөлгөөн хэмээн үзэж буй шинжээчдийн үнэлгээнээс огт өөр байна. Олонхи улс төр судлаач, ажиглагчийг бодоход Сергей Лавров сайдын хувьд «арабын хавар» гэгчийн уг чанарын талаар илүү их мэдлэг мэдээлэлтэй байна.

Оросын сайд чухам ямар баримт, үйл явдлыг үндэслэн ийнхүү мэдэгдсэн бэ? Дорно дахиныг судлагч Вячеслав Матузов үүнтэй холбогдуулан хэлэхдээ«Арабын олонхи орны улс төрийн удирдлагад гадаадын хүчний боловсруулсан хөтөлбөрийн дагуу халаа сэгэлгэ хийсэн юм. Энэ сэдвийг батласан баримт бичгүүдийг одоо чөлөөтэй олж болно. Жишээ нь АНУ дүр төрхөө өөрчлөх шийдвэр гаргаж, «ардчилсан баг» зүүж, лалын ертөнцтэй шууд сөргөлдөхөөс татгалзсан мэтээр харуулж үнэн чанартаа урьдын лалын эсрэг ажиллагаагаа үргэлжлүүлэв.

Энэ зорилгоор гадаад улс төрийн цогц арга хэмжээг боловсруулав. «Business for Diplomatic Action» байгууллагад нэгдсэн улс дамнасан америкийн корпорацууд эдгээр арга хэмжээг зохион байгуулжээ. McDonalds, Rothscild Corporation, American Airlines. Boeing зэрэг компани түүнд нэгдэв. Эдгээр компани Ойрхи Дорнодын орнуудын иргэдийг АНУ-ын холбоотон байх эсэхээс үл шалтгаалан дэглэмийг түлхэн унагаах арга зүйгээр америкийн шилдэг их дээд сургуульд бэлтгэх ажиллагааг санхүүжүүлсэн» гэв.

Мэдээжээр хүмүүсийн сургалтаар ийм ажиллагаа хязгаарлагдаагүй. Эсэргүүцлийн тэмцэл хөдөлгөөнийг яаж зохион байгуулах, жагсаал хийхээр цугларах, цагдаагийн хүчнийг яаж сөрөн зогсох, ямар хувцастай цуглаан хийхийг заасан араб хэлээр нийтлэсэн товхимолыг интернетээс олж болно. Харин тодорхой хэмжээгээр тайван эргэлт хийх талаар өгүүлжээ. Сирийн эсрэг ямар ажиллагаа явуулахыг америкийн элчин сайд нарын WikiLeaks сайтад нийтлүүлсэн хэдэн цахилгаан утас тусган харуулж байна. Тухайлбал сөрөг хүчнийг тодорхойлж, энэ хүчний чухам ямар урсгал эрх баригчдыг сөрөн зогсож тэмцэж чадахыг заажээ.

Лалын ба араб дахинд улс төрийн өөрчлөлт гаргах эдгээр ажиллагааг АНУ ямар зорилгоор явуулж байна вэ? «Хувааж эзэмш!» зарчим энэ асуудалд хариулж байна. Тунис, Египет, Ливи, Йеменд явагдсан одоо Сири улсад явагдаж байгаа үйл явц олон улсын бодлогод үзүүлэх нөлөөг нь хязгаарлах бололтой. Тэр ч байтугай өөр хэдэн улс ийм тавилантай болно гэж америкийн стратегичид үзэж байна. Энэ нь Сергей Лавровын дээр дурдсан «Их Ойрхи Дорнодын» щзэл баримтлал гэж Вячеслав Матузов тэмдэглэн хэлээд

«2006 онд израилийн нисэх хщчин Ливанд цохилт агч байсан үед АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Кондолиза Райс шинэ «Их Ойрхи Дорнод» гэгчийн хил хязгаарыг төлөвшүүлэх тухай ил шууд мэдэгдсэн билээ. «Эдүгээ Ливанд болж байгаа хэрэг явдал «Шинэ Ойрхи Дорнодыг» үүсгэх эхлэл юм» гэж тэрээр хэлжээ.Энэ нь АНУ хүч хэрэглэх ажиллагааг оролцуулан хил хязгаар,бүс нутгийн улс төрийн байгууллагуудыг өөрчлөх төлөвлөгөөтэй байна гэсэн үг. Тунис, Египет, Ливи, Йемен, Сири улсууд ийм ажиллагааны золиос болсон. Энэ үйл явцыг үүгээр хязгаарлахгүй. Үүнийг нотлосон баримтууд бий. Саудын Аравийг төлөвлөгөөнд дурджээ.

Тус улсыг АНУ-ын дэд хурандаа Ральф Петерсийн зохиосон шинэ Их Ойрхи Дорнодын газрын зурагт гурван улсад тус тус хуваажээ. Эдгээр нь Руб-эль-Хали элсэн цөлд шахан зайлуулсан суннитуудын байгуулал, Мекка, Медины сууринд байгуулах нэг ёсны «лалын Ватикан», Саудын Аравийн зүүн ус нутаг болон орчийн цагийн Ирак, Ираны өмнөд бүс нутагт байгуулах шийт шашинт том улс зэрэг билээ. Эдүгээ Бахрейнд шашин дундын санал зөрөлдөөн мөргөлдөөн болж хувирч байна. Ираныг үүнтэй холбогдуулан зэмлэж байгаа боловч өрнөдийн тусгай албад үүнд хамаатай байж магадгүй. Дээрх газрын зураг Персийн булангийн бүс нутаг төдийгүй Ойрхи ба Дундад Дорнод, түүнчлэн Хойд Африкийг хамрасан байна» гэв.

Их Орйхи Дорнодыг өөрчлөх төсөл холливудын киноны хорон санаатай баатарын санал мэт санагдаж мэднэ. Гэвч энэ үзэл санааг практик хэрэг дээр хэрэгжүүлж байна. Бараг хоёр жил үргэлжилж байгаа «арабын хавар» үүнийг нотлон харуулав.