АНУ Хятадыг урьд өмнө үзэгдээгүйгээр дайрав. Хятад улсаас АНУ-ын сайн сайхан байдалд багагүй аюул учруулж байна гэж өчигдөр орой ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшсэн Барак Обама, Митт Ромни хоёр төгсгөлийн халз мэтгэлцээний явцад мэдэгдлээ. Хятад улсыг олон улсын дүрэм, хэм хэмжээнд албадан захируулах замаар л  аюул сорилтыг нь арилгаж болно гэж эдгээр хоёр улс төрч үзэж байна.

Барак Обама, Митт Ромни хоёр хятадын эсрэг илүү ширүүн үг хэлэх асуудлаар мэтгэлцлээ. Тэд Хятадыг АНУ-ын дайсан хэмээн нэрлэв. Бээжин дүрмийг даган мөрдвэл дэлхийн хамтын нийгэмлэгийн хожмын түнш болж мэднэ гэж АНУ-ын өнөөгийн ерөнхийлөгч үзэж байна.

АНУ, Хятад хоёр тэмцэлдэн сөргөлдэж мөн түншлэж мэднэ гэж Митт Ромни бас үзэж байна. Тэрээр хүн амынхаа хэрэгцээг хангахын тулд эдийн засгаа хөгжүүлэх хятадын эрхийг хүлээн зөвшөөрч соёрхов. Үүний хамт сонгуульд ялсныхаа маргааш нь Хятадыг валютын арга заль хийгч хэмээн зарлана гэж Ромни амлав.

Тэрээр хоёр талын харилцааны хөгжлийн хэтийн төлөвийг хөндөөд Бээжин «дүрмийг даган мөрдөх» ёстой гэв. Хятад хууль бус үйлдвэрлэлийн төв хэвээр байгаа хийгээд шудрага худалдааны дүрмийг зөрчиж, АНУ-аас «ажлын маш олон орон тоог хулгайлж байна» гэж Ромни тайлбарлан хэлжээ.

Энэ нь сүүлийн үеийн Хятадын эсрэг АНУ-ын маш хатуу ажил явууллага билээ. Ийм ажил явууллага сонгуулийн өмнөх тэмцлийн ашиг сонирхолд нийцэх төдийгүй Хятадын эдийн засгийн өсөлтийг тогтоон барих зорилготой гэж Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн шинжээч Александр Ларин хэлээд

«Сүүлийн үед АНУ Хятадын хоорондын харилцаа доройтож, улам түгшүүртэй болж байна. Энэ нь дэлхийд хоёр орны ашиг сонирхол харшилдсантай холбоотой. Хятад улс тэнгис далай болон Европ, Африк, Латин Америкт байр сууриа бэхжүүлж байна. Хятад бүс нутгийн гүрэн улсаас дэлхийн гүрэн улс болж хувирсан. АНУ Хятадын байр суурийг эдгээр бүс нутагт бэхжүүлэхийг эсэргүүцэж байна. Иймээс санал зөрөлдөөн, сөргөлдөөн гаарч байна. Талууд найрсаг бус үг яриа, мэдэгдэл нэг бус удаа солилцсон. Байдлаас харахад хурцадмал харилцаа өөрчлөгдөхгүй бол хоёр талын харилцаа цаашид доройтож мэднэ» гэв.

Барак Обама, Митт Ромни хоёр Хятадыг ХКН-ын 18-р их хурлын өмнө дайрав. Намд хятадын цаашдын олон улсын бодлогоор хурц санал шүүмжлэл явагдаж байгааг тэд хоёулаа мэдэж байна. Бээжин хятадын эсрэг энэ удаагийн дайралтыг харгалзахгүй байж чадахгүй бололтой. Хятадыг тогтоон барих хандлагыг их хурлын дараа консерватив хучин АНУ-ын эсрэг чиг бодлогоо ширүүсгэхэд ашиглах нь дамжиггүй. Шинжээч Александр Ларин хэлэхдээ

«ХКН-ын 18-р их хурал дээр энэ тухай юу ярихийг бүгд хүлээж байна. Хатуу дүгнэлт хийсэн ч янз бүрийн тохиролцоонд хүрэх, АНУ-тай түгшүүртэй харилцааг намжаахад бэлэн байгаагаа илэрхийлэх бололтой. Гэвч Хятад АНУ-ын хоорондын харилцааг зөөлрүүлэх тийш буурьтай эргэлт гарахгүй байх» гэлээ.

Хятадын эсрэг үг яриа нь ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээр Барак Обама, Митт Ромни нарын төлөө өгөх саналыг тус тус нэмэгдүүлж болзошгүй. Гэвч америк-хятадын харилцаанд ашиг тустай болохгүй байх. Ямар байсан ч АНУ-ын ерөнхийлөгч Хятадтай арга буюу тохиролцох ёстой. Юанийн солилцооны ханш, хятадын экспортын татаас, хуурамч бүтээгдэхүүнтэй хийх тэмцэл зэрэг асуудлаар тохиролцох ёстой.

Үүний хамт Хятад АНУ-ын төрийн өрийн хамгийн их хэмжээний облигацтай байгааг иш үндэс болговол зохино. Хятадын хямд экспорт хэдэн арван тэрбум доллар жил дутам хэмнэх боломж америкчуудад олгож байна. АНУ Хятадаас, Хятад АНУ-аас ихээхэн харилцан уялдаатай  шалтгаалж байна. Иймээс хоёр талаас өөрсдийгөө хохирох арга хэмжээ авахгүй бололтой.