НҮБ-ын өдрийг олон улсын мөн байгууллагын гишүүн 193 улсад тэмдэглэдэг. 1945 оны 10-р сарын 24-нд НҮБ-ын дүрэм хүчин төгөлдөр болсонтой холбогдуулан энэ өдрийг тэмдэглэж байна.

НҮБ-ын ЕА Хүний эрхийг хамгаалах өдөр, Дүрвэгчдийн өдөр, Усны нөөцийн өдөр гэх мэт дэлхийн олон өдрөөр хуанлийг арвижуулав. Эдгээр олон улсын өдөр ямар нэг асуудалд анхаарлыг хандуулж, шийдвэрлэх арга замы нь эргэцүүлэн бодоход зоригжуулж байна. 1971 онд тогтоосон НҮБ-ын өдөр ч байдлыг эргэцүүлэн бодоход урамшуулж байна.

Тэр тусмаа НҮБ-ыг шинэчлэхээс бүр тарах хуртэл янз бүрийн саналыг дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд олон жил илэрхийлсээр байна. Хүн төрөлхөтний ямар ч бүтээлийн нэгэн адил НҮБ туйлын зөв зохистой биш гэж ОХУ дахь НҮБ-ын мэдээллийн төвийн удирдагч Алексанлдр Горелик хэлээд

«НҮБ түүхийн өөр нөхцөлд байгуулагдсан билээ. Тэр үеэс хойш дэлхийд ардчилсан үйл явц урагш ахиж, зах зээлийн харилцаа бараг бүрэн давамгайлах болсон. Эдүгээ НҮБ дэлхийн хамтын нийгэмлэг ямар байгааг тусган харуулж байна. НҮБ дүрмийнхээ олон зарчмыг хэрэгжүүлсэн. Юуны түрүүнд 1945 онд дэвшүүлсэн дэлхийн 3-р дайнаас сэрэмжлэх гол зорилгодоо хүрсэн юм. НҮБ колоничлолоос ангижрахад чухал үүрэг гүйцэтгэв. Энэ байгууллагаар дамжин хүний эрхийг хамгаалж, хүн төрөлхөтний тогтонги хөгжлийн үзэл баримтлалыг урагш ахиулж байна» гэв.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүний илгээлтэд тэмдэглэсэнчилэн олон улсын байгууллага дипломат ажилтнуудын уулзаж ярилцах газар төдий биш. Энхийг сахиулагчид дэлхийн халуун цэгүүдэд ажиллаж байна. Мэргэжилтнүүд дүрвэгчдэд тусламж үзүүлж байна. Эмнэлгийн ажилтнууд эмээр хангаж байна. Хуульчид шүүхийн шийдвэр үнэн зөв болохыг ажиглаж байна.

НҮБ бол олон улсын харилцааны хосгүй үзэгдэл гэж ЮНЕСКО-гийн тэнхимын профессор, Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийн Олон улсын судлалын хүрээлэнгийн захирал Александр Орлов тэмдэглээд «Ямар байгууллага НҮБ-ыг орлож чадах вэ гэж шүүмжлэгчдээс асуувал тэд хариу өгөхгүй байна. Зөв зохистой санал алга. Юу гэвэл улс хоорондын санал зөрөлдөөн тохиролцоход саад болно. Байгууллагыг оновчтой шинэчлэх хэрэгтэй. Шинэчлэл түүний үндэс суурийг бусниулалгүй бэхжүүлэх ёстой» гэв.

НҮБ-ын шинэчлэлийн тухайд гэвэл юуны түрүүнд АЗ-ий нь шинэчлэх талаар өгүүлдэг. Их Британи, Хятад, Орос, АНУ, Франц зэрэг АЗ-ийн байнгын таван гишүүн улс хориг тавих эрхтэй. Гэвч сүүлийн 60 гаруй жилд олон улсын байдал өөрчлөгдсэн юм. Бразили, Энэтхэг, Германи, Япон зэрэг хүч нөлөөтэй олон улсын асуудлыг шийдвэрлэх талаар өөрийн үзэл санаатай орнууд шийдвэрлэгч саналтай болохыг эрмэлзэж байна.

Франклин Рузвельтын дурсгалд зориулсан цэцэрлэгт хүрээлэнг НҮБ-ын өдрийн өмнөхөн Нью Йоркод байгууллагын төв байрнаас холгүй нээжээ. Дэлхийн 2-р дайны жилүүдэд энэ улс төрийн гарамгай удирдагч НҮБ-ын зарчмуудыг томьёолоход ихээхэн нөлөөлсэн «дөрвөн эрхийн» үзэл баримтлалыг дэвшүүлсэн юм. Эдгээр нь чөлөөтэй үг хэлж нийтлэх, шүтэн бишрэх ба ядуу байдал, айдсаас ангижирч чөлөөтэй байх зэрэг эрх билээ. Одоо ч гэсэн НҮБ эдгээр зорилгод хүрэхийг хичээж байна гэж Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн цэцэрлэгт хүрээлэнг нээх ёслол дээр хэлжээ.