Сочийн үндэсний паркт бүл нэмлээ. Өчигдөр 10-р сарын 21-нд тэнд Португал улсаас хос ирвэс авчирлаа. ОУ-ын Кавказад Байгалийн яам болон Бүх дэлхийн онгон байгалийн сангаас хамтран өмнөд азийн ирвэсийн тоо толгойг сэргээх хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм. Есөн настай Задиг эр ирвэс, 9 настай Андреа эм ирвэс хоёр энэ паркын шинэ гишүүн боллоо. Өмнөд азийн ирвэсийг шилжүүлэн суурьшуулах хөтөлбөрийг Сочи хотод болох Олимпийн наадамд бэлтгэх хүрээнд явуулж байгаа юм. Учир нь ирвэс 2014 оны Өвлийн олимпийн наадмын билиг тэмдэгийн нэг нь юм.

Тэр үеийн ерөнхий сайд, одоогийн ерөнхийлөгч Владимир Путин 2009 онд энэ паркт анхны цоохор муурыг тавьснаар энэ хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн юм. Одоо сочигийн үндэсний паркт 4 ирвэс амьдарч байна. Хоёр эр ирвэсийг Туркмен улс ОУ-д бэлэглэсэн ба эм ирвэсүүд нь Иран улсаас гаралтай юм. Эдгээр ирвэсүүдийн үр төл нь ирвэсийн тоо толгойг 50-д хүргэнэ гэж мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Харамсалтай нь зэрлэг амьтад үр төлөө өгнө гэдэг нь жаахан асуудалтай байна гэж Сочигийн Үндэсний паркын өмнөд азийн ирвэс нутагшуулан үржүүлэх төвийн удирдагч Умар Семёнов үзэж байна.

«Эдгээр амьтад энэ хашаанаас гаднах амьдралыг сайн мэдэж байгаа болохоор эрх чөлөөтэй болохыг байнга эрмэлзэж байдаг юм. Эрх чөлөөний төлөөх энэ зүтгэл нь амьтадын зан байдалд нөлөөлж байдаг юм. Хосоороо болох нь маш ховор байдаг, учир нь байгал дээр амьтад үнэрээ үлдээсэн тэмдэглэгээ, явдаг жим дээрээ хумсны ороо үлдээдэг зэрэг бүхэл бүтэн цогц зүйл хийдэг. Хиймэл нөхцөлд тэд ийм зйүлүүдийг хийх боломжгүй юм учир нь орон зай нь хаалттай юм» гэж тэр ярилаа.

Байгал дээр ч гэсэн ирвэсүүд маш ховор үрждэг ба хэдэн жилд нэг удаа л зулзагалдаг байна. Амьтны хүрээлэнд зулзагалах нь ховорхон тохиолдол юм. Алс дорнодын ирвэс тэжээдэг Москвагийн амьтны хүрээлэнд энэ асуудал маш танил юм. Москвагийн амьтны хүрээлэнгийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Елена Мендос хэлэхдээ:

«Хосоор нь болгох маш хэцүү. Тэд өсөж үржих үү, үгүй юу гэдгийг бид мэдэхгүй. Байгалаас авчирч манайд байгаа ирвэстэй хос болгохын өмнө бүх зүйлийг маш сайн бодож цэгнэх шаардлагатай. Байгалаас авчирахад тэд үхэж үрэгдэж болно. Манай амьтны хүрээлэнд ирвэс хэд хэдэн удаа зулзагалсан. Тэгэхдээ энэ нь маш хэцүү ажил. Энэ чинь сард хэд хэдэн удаа гөлчгийлдэг хулгана биш шүү дээ» гэлээ.

Эрт цагт кавказын бүсийн бүх уулархаг нутагт ирвэс нутагладаг байсан. Өнгөрсөн зууны дунд үе гэхэд ирвэсийн тоо толгой эрс цөөрсөн юм. Өнөөдөр энэ амьтан ОУ-ын Зүүн Кавказын очиход бэрх уулархаг нутагт л үлдсэн юм. Хойд Иранаас ирвэсүүд орж ирсэн тохиолдолд л энэ цөөхөн хэдэн ирвэсүүд эсэн мэнд үлдэх юм. Ийм нөхцөл байдалд ирвэсүүд өөрсдөө өсөн үржинэ гэж байхгүй гэж Сочийн үндэсний паркын мэргэжилтнүүд үзэж байна.

Ийм учраас ирвэсийг тусгай үржүүлгийн газар үржүүлэхээр оролдож байна. Одоохондоо үр дүн байхгүй байна. Байдлыг жаахан ч гэсэн хөнгөрүүлэхийн тулд Бүх дэлхийн онгон байгалийн сан Лисабонын амьтны хүрээлэнд хосоороо амьдарч үр төлөө өгсөн ирвэсүүдийг энд өгөх шийдвэр гаргасан юм. Португалын хос ирвэсийг 10-р сарын 21-нд торноос гаргаж асар том хашаанд тавьсан байна. Ирэх жил гэхэд төл авна гэж Сочийн Үндэсний паркын ажилтнууд найдаж байна. Харин цоохор муурын төлүүдийг олимпийн 2014 онд байгалд нь тавина гэж төлөвлөж байна.