Москва-Парис морин аялалын үндсэн дээр арилжааны төслүүд бий болж мэднэ гэж аялалыг зохион байгуулсан хорооны удирдагч Андрей Бельянинов үзэж байна. Тэрээр ОХУ-аас Францад суугаа элчин сайд Александр Орловын өргөөнд сэтгүүлчидтэй уулзаж, мөн аялалыг 1812 оны дайны 200 жилийн ойд зориулсан дурсгалын хөтөлбөрийн чухал хэсэг хэмээн нэрлэв. «Казакууд 3 мянган км замыг дөнгөж 70 өдрийн дотор туулсан. Ийм амжилт гаргах нь эргэлзээтэй гэж олон мэргэжилтэн үзэж байсан. Гэвч аялалд оролцогчид төгсгөлийн цэг Фонтенблод хугацаанаас өмнө хүрч, хүнд түвэгтэй зорилтыг биелүүлж болохыг нотлон харуулсан юм. Энэ нь олны сонирхол татаж, аялал жуулчлалын шинэ чиг зам болж мэднэ» гэж Андрей Бельянинов хэллээ.

Аялал донын үүлдрийн морины хосгүй чанарыг мэргэжилтнүүдэд харуулсан. Энэ оросын үүлдэр 600 гаруй жилийн түүхтэй. Мөн үүлдрийн морь онцгой тэсвэртэй нь аялалын явцад илэрэв. Морь жингийнхээ 40 хувийг  алдсан ч маш түргэн нөхөж байна» гэж тэрээр хэлэв. Францын шинжээчид ч донын үүлдрийн адууны гарамгай шинж чанарыг анхааран тэмдэглэв. Маш удаан явж урт замыг туулсан ч морьдын байдал сайн байна гэж тэд үзсэн юм. Аялалын үеэр нэг морь бэртэж, цаашид явахгүй болсон. Аялал эхлэсэн үед бэртсэн морь одоо зүгээр байна гэж морь үржүүлгийн туршлагатай мэргэжилтэн Павел Мощалков мэдээллээ.

Энэ хосгүй үүлдрийг хэвээр хадгалах нь оросын адууны аж ахуйн нэн чухал зорилт юм гэж Мощалков онцлов. « Эдүгээ Орост ийм үүлдрийн дөнгөж 200 гүү үлдээд байна. Энэ нь нөхөн өсгөхэд шаардагдах наад захын тоо хэмжээ юм. Үүлдрийг хадгалахын тулд адууны аж ахуйн сүлжээг сэргээх хэрэгтэй. Одоогоор Ростов мужийн Будённовск донын үүлдрийн адууны гол бааз болсон» гэж тэрээр хэлэв.Нийт 21 морь аялалд оролцсон юм. Аялалд оролцогчдын туулсан 3 км урт зам Орос, Белорус, Литва, Польш, Германи, Франц зэрэг зургаан улсын нутаг дэвсгэрийг дамжин гарчээ.