Санал хураалтын нэгдсэн өдөр буюу 10-р сарын 14-нд 77 бүс нутагт болж өнгөрсөн янз бүрийн түвшингийн сонгуулийн дүнг энэ долоо хоногт ОУ-д гаргалаа. Намуудын тухай шинэ хуулийн дагуу энэ удаагийн сонгууль явагдсан бөгөөд оролцсон намуудын тоо эрс нэмэгдсэн байна. Энэ нь улс төрийн тэмцлийг мэдэгдэхүйц хурцатгасан гэж улс төр судлаачид үзсэн байна.

77 бүс нутагт 5000 гаруй янз бүрийн түвшингийн сонгууль зэрэг явагдсан тул санал хураалтын нэгдсэн өдөр ОУ-ыг тэр чигт нь хамарсан гэж хэлж болно. Орон нутгийн депутатаас эхлээд хотын дарга, амбан захирагч хүртэл бүх сэтэртэн туурайтнуудыг сонголоо. Сүүлийн 8 жил иргэд анх удаагаа бүс нутгийнхаа тэргүүнийг шууд сонголоо. Урьд жилүүдэд нь орон нутгийн парламенттай зөвшилцсний үндсэн дээр ерөнхийлөгч томиолдог байсан юм. Санал хураалтын нэгдсэн өдрийн дүнг урьдчилан таамаглаж болохоор байлаа, «Нэгдсэн Орос улс» эрх баригч намын гишүүд амбан захирагчид боллоо. Мөн орон нутгийн гүйцэтгэх засаглалд тус намынхан олонх болсон байна. Энэ байдлыг ОУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ингэж тайлбарласан юм: «Энэ удаагийн сонгуулийн дүн надад гэнэтийн зүйл гэж бодогдохгүй байна. Одоогийн төр засгийг дэмжих ёстой гэдгээ сонгогчид харуулсан алхам боллоо гэж би үзэж байна. Үүнийх нь төлөө би сонгогчиддоо талархаж байна. Дахин сонгогдсон удирдагчидтай уулзахдаа би иргэд тэднээс эрчимтэй, үр ашигтай ажил хүлээж байгаа гэдгийг сануулах болно. Энэ сонгуульд ялагдал хүлээсэн бүхний щаардлагад анхаарал хандуулна гэдэгт би найдаж байна. Сөрөг намуудын тавьж байгаа шаардлага бүхэн нь хүлээж авахын аргагүй хэрэггүй зүйл бас биш юм шүү! Харин ч тэнд маш олон ажил хэрэг болгох зүйл байгаа юм. Энэ бүхнийг хамтарсан ажлын явцад тодруулах болно» гэж хэлсэн.

Гуравдугаар сард болсон ОУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн нэгэн адил сонгуулийн хэсгүүдээс тухайн үед нь Интернетээр шууд ажиглаж болох байлаа. Үүнээс гадна сонгуулийн явцыг оросын мянгаад ажиглагчид, арваад олон улсын ажиглагчид ажигласан байна. Зарим нэг жижиг зөрчлийг эс тооцвол санал хураалтын дүнд нөлөөлөх онцгой зөрчил гараагүй гэдгийг гадаадын ажиглагчид хүлээн зөвшөөрсөн байна. Франц улсын сэтгүүлч Фабрис-Патрик Беор ОДХ радиод ингэж мэдэгдсэн байна: «Миний очиж амжсан хэсгүүдэд санал хураалт зөрчилгүй явагдсан. Сөрөг намууд тэр дундаа шинээр байгуулагдсан намуудын төлөөгчидтэй уулзахад тэднийг сонгуулийн явцыг ажиглахад хэн ч саад учруулаагүй гэж надад ярьж байсан юм. Тэд ямарч зөрчил илэрүүлээгүй» гэж тэр ярилаа.

Намуудыг бүртгэх нөхцлийг зөөлрүүлсний хүчинд энэ сонгуульд хорь гаруй улс төрийн хөдөлгөөнүүд оролцох боломжтой болсон юм. Одоогийн төр засгийг эсэргүүцэгчид «Нэгдсэн ОУ нам» унана гэж үзэж байлаа. Харамсалтай нь эсрэгээр нь боллоо. 2011 оны 12-р сард болсон Төрийн Думын өнгөрсөн сонгуулиар «Нэгдсэн ОУ нам» 50 орчим хувийн санал авч байсан бол энэ удаагийн сонгуулиар орон нутгийн захиргааны ихэнх суудлыг авч үнэмлэхүй ялалт байгууллаа.