Сири улсын ГХЯ-ны сайд Валид Муаллем НҮБ болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Лахдар Брахимитэй уулзахдаа тус улсад болж байгаа мөргөлдөөнийг цэрэг зэвсгийн аргаар шийдэж болохгүй гэж мэдэгдлээ. Брахими, Муаллем нар хэлэлцээрийнхээ явцад хүчирхийллийг зогсоох асуудлыг хэлэлцлээ. Зөвхөн үүний дараа л бүх сирийг хамарсан өргөн хэмжээний яриа хэлэлцээ хийх нөхцлийг бүрдүүлэх болно. Гадаадын орнууд хөндлөнгөөс оролцохгүй тийм л яриа хэлэлцээ хямралаас гарах цорын ганц алхам гэж Сири улсын ГХЯ-ны албан мэдээнд өгүүлсэн байна. Муаллем, Брахими нарын өчигдөр хийсэн хэлэлцээр дээр Сири улсад болж байгаа мөргөлдөөнд гадны улсууд хөндлөнгөөс оролцож байгаа асуудлыг хэлэлцсэн гэж ГХЯ-н дээр тэмдэглэсэн байна. Хэлэлцээнд оролцож байгаа хоёр тал бүс нутаг дахь бусад улсуудын үүргийн тухай асуудлыг мөн хэлэлцсэн байна. Өөрийнхөө нутаг дэвсгэр дээр алан хядах байгууллагуудын дайнчдыг байрлуулж, зэвсэглэж, сургаж байгаа зарим нэг улсууд Брахимид ажил үүргээ гүйцэтгэхэд нь саад учруулж байна гэж баримт бичигт онцлон тэмдэглэсэн байна. 10-р сарын 26-нд эхлэх лалын шашинтнуудын Ид аль-Адха баярын үеэр гал зогсоохыг Брахими айлчлалаа эхлэхийн өмнө сирийн төр засаг болон сөрөг хүчнийхэнд уриалсан билээ.