«Оросын дуу хоолой» радиогийн «Оросоор аялах нь» цуврал нэвтрүүлэг үргэлжилж байна.Өнөөдөр бид Москвагоос 200 км зайтай орших Тула хотноо очиж, жинхэнэ оросын гэмээр гурван музейгээр аялана.

Эхлээд самоварын (халуун тогоо) музейг сонирхон үзье. Энэ музейг ямар учраас жинэхэнэ оросынх гэсэн бэ? Самовар бол орос хүний хувьд ус буцалгаж цай хийх халуун тогоо төдий зүйл биш. Самовар ХУ111-ХХ зууны үед оросын ард түмний амьдралдаа хэрэглэж ирсэн ахуйн хэрэглээний нэг хэсэг болжээ. Тэр оросын гэрт ямагт байсан мэт санагдана. Үнэн чанартаа тийм бишээ. Оросын самовар 300 жилийн түүхтэй. Эхлээд урт янданд нь мод шатааж ус буцалгаж байв. Хожим керосин, цахилгаан самовар бий болсон юм. ХХ зууны дундуур цахилгаан данх самоварыг орлов.

Тула хотын самоварын музейн ажилтан Екатерина Кирш хэлэхдээ: «Самовар бол дан оросын бүтээл мөн. Гэвч олонхи бүтээлийг бодоход самоварыг чухам хэн зохион бүтээснийг хэлэх аргагүй. Самовар олон хүний бүтээлч үйл ажиллагааны үр дүн болсон байх. Анхны самовар Тулад бий болсон. Самоварын үйлдвэрлэл энд жилээс жилд өргөжин хөгжсэн юм. Иймээс Тула мөн үйлдвэрлэлийн өлгий хот болжээ.Түүнчлэн самовар ХУ111 зууны заагт Орост бий болж, тэр даруй гэр ахуйн хэрэглээ болсон гэж лавтай хэлж болно. Тэгэхдээ халуун тогоо төдийгүй гэр, орон сууцны чимэг болжээ. Х1Х, ХХ зуунд самовар цайлах гол эдлэл болсон байна. Цайлах нь оросын үндэсний соёлын уламжлалт хэсэг юм. Орост самовар зочломтгой элэгсэг дотно харилцаа, гэр орны амгалан тайван байдлын бэлэгдэл болсон юм» гэлээ.

Янз янзын маш олон самовар болон сийлбэр хээ угалз бүхий ваар, түүнчлэн загасны хэлбэртэй цорго, онцгой бариултай өндөгний хэлбэртэй халуун тогоо музейд дэлгэн тавьжээ. Олонхи нь үнэхээр урлагийн бүтээл болсон юм.

Нэрд гарсан Баташевын үйлвэрийн самоварууд музейн цуглуулгын улэмж хэсэг нь болжээ. 1870 онд улаан зэсээр хийсэн самовар болон флоренцийн ваар, түүнчлэн 1909 онд үйлдвэрлсэн бэлэг дурсгалын хосгүй олон самовар тэдгээрийн дотор байна. Бэлэг дурсгалын самовар дөнгөж 200 грамм багтаамжтай. Тэдгээрийг одоо ч хэрэглэж болно. Бэлэг дурсгалын самоваруудыг 11 Николай эзэн хааны хүү болон дөрвөн охинд бэлэглэсэн аж.

«Тулагийн самовар» музейн цуглуулгын тухай яриа эцэс төгсгөлгүй үргэлжилж мэднэ. Маш олон үзмэрий нь үргэлж арвижуулдаг. Самоварын музейгээс өөр цөөнгүй дурсгал Тула хот ба Тулагийн мужид байгаа. Жишээ нь Тулагийн зэвсгийн музей бол оросын эртний музейн нэг юм.

Тулагийн зэвсэг эртний түүхтэй. Бүр 1724 онд 1 Пётр хааны зарлигаар тулагийн зэвсгийн үйлдвэр армид анхны зэвсэг хийж эхлэсэн. Хожим Тула байлдааны зэвсгийн дархны газар төдийгүй төмөрлөг, модны уран сайхан боловсруулалтын төв болжээ.

Тулагийн зэвсгийн музейг 1775 онд үндэслэн байгуулжээ. Тэр үед 11 Екатерина хатан хаан орон нутгийн зэвсгийн заводод очсон билээ. Ховор эдлэлийн дотор зэвсгийн цуглуулгыг түүнд сонирхуулжээ. Хатан хаанд цуглуулга таалаглдсан учир үйлдэврлэлийг өргөжүүлэхийг айлдсан юм.Одоо Тулагийн Кремлийн дэвсгэр нутагт оршдог музей 9000 гаруй үзмэртэй. Манай сурвалжлагч Александр Мамичев үзмэрүүдийг үнэлэн хэлэхдээ

«Энэ нь оросын буудлагын зэвсгийн хувьсалын бүх үе шатыг тусган харуулсан хосгүй цуглуулга юм. Энд 1787-1791 онд манай цэргийн орос-түркийн дайнд гавьяа байгуулахад тусласан цохилтын цахиур буугаас аваад орчин цагийн нисэх онгоцны пулемёт,тусгай зориулалтат зэвсэг хүртэл дэлгэн тавьжээ. Ангийн ба байлдааны бяцхан загварын зэвсгийн цуглуулга бишрүүлж байна. Одоо ч хэрэглэж болох револьверын (гар буу) загвар гайхал төрүүллээ. Гар буу дөрөвхөн мм урт сум, 1,5 мм калибр, 9 граммд хүрэхгүй жинтэй.Тулагийн зэвсэг үйлдвэрлэгчдийн олон бүтээл 1900 онд Парист Дэлхийн үзэсгэлэнгийн том алтан медаль хүртсэн» гэв.

Гол төлөв автомат зэвсэг музейд ХХ зууны эдлэлийг харуулж байна. ХХ зууны дундуур хэрэглэж эхлэсэн зарим зэвсэг өдгөө хүртэл хэрэглэгдэж байна. Жишээ нь Калашниковын АК-47, РП-46 гар пулемёт зэргийг дурдая. Тулад зохион бүтээсэн «Град», «Смерч» тийрэлтэт системээр 50 гаруй улсын армийг зэвсэглэсэн хийгээд эдгээр зэвсэг үзэгч олны сонирхол ямагт татаж байна.

Цуглуулга их өргөжсэн тул музейн шинэ байшин барихаар шийдвэрлэжээ. Тулагийн зэвсгийн сэлбэн шинэчлэсэн музей энэ оны 3-р сард Оросын зэвсгийн үйлдвэрлэлийн 300 жилийн ойн баярын өдрүүдэд анхны үзэгчдийг хүлээж авсан юм.

Ингээд ярианыхаа төгсгөлд хээт боорцогийн музейг сонирхуулая. 1685 онд гар бичмэлд анх дурдагдсан тулагийн хээт боорцог (пряник) өнөө болтол алдартай хэвээр байна. Хээт боорцог бол оросын гайхамшигт нарийн боов юм. Үндэсний шилдэг уламжлалт аргаар чимэглэсэн амтат хээт боорцог бэлэг дурсгалын зүйл, ил захидал, зурагт хуудас, мэндчилгээ болжээ. Энэ амтат боов Орост хөгжилтэй ч гунигт ч үйл явдлын үед хэрэглэдэг. Баярын ширээн дээр ч байдаг. Хээт боов ойр дотно хүмүүст бэлэглэх заншилтай. Амтат боов хааны ч, тариачны ч ширээн дээр байсан юм.

Музейн үзмэрүүд эртний хосгүй амтат боовны түүхийг тусган харуулж байна. Энд эртний уламжлал, ёс дэгийн талаар өгүүлнэ. Эртний хэв хэрэглэн хийсэн болон орчин цагийн хээт боорцогыг энд үзэж болно. Түүнчлэн зоосноос жижиг боов, цорын ганц лут том 16 кг жинтэй хээт боовыг энд дэлгэн тавьжээ. Музейд тулагийн хээт боорцогийн түүхийг сонирхон үзээд зогсохгүй амтат боов амсаж болно. Таныг тусгай цайлах өрөөнд дөнгөж хийсэн боов, сайхан үнэр анхилсан цайгаар дайлана.

Дашрамд хэлэхэд Куликовын тал Тула хотоос зүүн-өмнө 140 км зайтай оршдог. Тэнд 1380 оны 9-р сарын 8-нд Оросын Дмитрий Донской их хааны цэрэг Мамайн татар-монголын цэргийг ялсан түүхэн тулаан болжээ. Куликовын тулаан дундад зууны томоохон тулаан ба Оросын түүхэн гарамгай үйл явдал болсон юм.

Оросын аугаа их зохиолч Лев Толстойн эдлэн хотод ойрхон оршдог.20-хон минут яваад түүнд хүрч болно.