Түрк улсаас оросын иргэд ба цахилгаан техникийн тоног төхөөрөмж бүхий сирийн суудлын нисэх онгоцыг саатуулсны эргэн тойрны олон улсын шуугиан улигт өдөөн хатгалга л байсан аж. Москва бүр эхнээсээ үүнд анхаарлыг хандуулсан юм. Түркийн эрх баригчид ачаа хууль ёсоор зөвшөөрөгдсэн гэдэгт огт эргэлзэхгүй байна. Тээвэрлэлтийг мэдээлэх журам л асуудал үүсгэсэн гэж өнгөрөгч пүрэв гаригт мэдээлсэн юм. Онгоцонд ямар нэг байлдааны хэрэгсэл байсан гэсэн мэдэгдлийг үнэн чанартаа хүчингүй болгосон гэж Оросын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Александр Лукашевич мэдээлжээ.

Сирийн нисэх онгоцны эргэн тойрны маргааны шалтгаанд анхаарал тавьбал зохино. Бузар булай ажиллагаа явуулж байгаа этгээд л ийм өдөөн хатгалга үйлддэг. «Хулгайчийг барь» гэж хулгайч өөрөө л бусдаас чанга хашгирдаг. Орос улсыг зэмлэж бурушаах нь сирийн сөрөг хүчнийг зэвсэглэж байгаа өрнөдийн хэдэн улсын хууль бус ажиллагааг халхавчлан нуух ёстой байсан. Сөрөг хүчний эгнээнд хэт даврагч үзэлтэй этгээдүүдийн тоо олширч байна гэж сирийн генерал Мухаммед Иса «Оросын дуу хоолой» радиод мэдэгдээд

«Ил шууд хэлэхэд Сирид хувьсгал хийж байгаа мэтээр харуулахыг өрнөдийнхөн л оролдож байна. Үнэн чанартаа гадаадаас санхүүжүүлж байгаа террорын бүлгүүд тусгаар улсыг дайран давшилж байна. «Боко Харам», «Талибан» зэрэг байгууллагын төлөөлөгчид Сирийн нутаг дэвсгэрт байгаа. Түүнчлэн «Жунд аш-Шам» болон «Аль-Каида»-гийн салбар болсон өөр хэдэн байгууллагын хэт даврагчид энд бас байна. Саудын Арави, Катар, АНУ ба өрнөдийн хэдэн улсаас орчин цагийн янз бүрийн төрлийн зэвсэг нийлүүлж байна. Бүр австралийн тусгай албад ч эл асуудлыг хариуцаж байна. Түркийн нутаг дэвсгэр эдгээр зэвсэг дамжин нэвтрэх цэг болсон. Үнэн чанартаа Анкара зэр зэвсгийг Сирид хууль бус замаар шургалан оруулахад туслаж байна» гэв.

Вашингтоны Ойрхи дорнодын судлалын хүрээлэнгийн удирдагч Дэвид Полок адилхан саналтай байна.Тэрээр хэлэхдээ: «Миний бодоход арабын зарим улс тухайлбал Саудын Аравиас сирийн сөрөг хүчинд санхүүгийн ба цэргийн тусламж үзүүлж байна.Түүнчлэн Түркийн талаас сирийн сөрөг хүчинд материал-техникийн тусламж үзүүлж байгаа нь дамжиггүй. Өөрсдийгөө лалынх хэмээн үзэж буй зохион байгуулалттай бүлгүүд сирийн зарим нутагт ажиллаж байна. Тэдгээрт гадаадаас санхүүгийн тусламж үзүүлж байна» гэв.

Сирид «Аль-Каида»-гийн этгээдүүд харьцангуй цөөн. Гадаадын 1000 орчим хэт даврагч зэвсэгт сөрөг хүчний 50 мянган гишүүнд ногдож байна гэж Вашингтон дахь Дайны судлалын хүрээлэнгийн ажилтан Элизабет О’Бейжи үзэж байна. Гэвч Ливи, Египет, Тунисыг бодоход сирийн сөрөг хүчний эгнээнд жихадын төлөөний этгээдүүд нэвтрэх аюул тулгарсан гэж О’ Бейжи хэлээд

«Миний бодоход мөргөлдөөн дайн болж хувирч байна. Олон хүн өвөрмөц зорилгынхоо хойноос хөөцөлдөж, Сири улс дотор байлдан дайтахыг санаархсан. Түүнээс гадна арабын бизнес эрхлэгчид ба арабын янз бүрийн орны засгийн газрууд Сири улс дотор онцгой бүлгүүдийг санхүүжүүлэх хүсэлтэй байна. Томоохон улсуудын засгийн газрууд ч өөрсдийн зорилгоор ажиллагаа явуулж байна. Тухайлбал түркийн буюу францын засгийн газраас хувьсгалт хороодод хандаж байна. 7-р сарын дундуур түркийн хил орчимд тус улсын армийн хөдөлгөөн улам идэвхжсэн. Иймээс сирийн дэглэм хилийн энэ хэсэгт хязгаарлагдмал хяналт тавих болсон. Энэ нь хил давуулах хүмүүс, ачаанд дөнгөж хэсэгчилэн хяналт тавьна гэсэн үг» гэв.

Өрнөдийнхөн тэсвэр тэвчээрээ алдаж, сирийн эмгэнэлт байдлын төлөө хариуцлагыг ямар ч гэм зэмгүй талд тулгахыг оролдож байна. Тухайлбал хууль ёсоор бүртгүүлсэн ачааг дайны явцыг Асадад ашигтайгаар эргүүлж мэдэх ямар нэг хэт зэвсэг мэтээр харуулахыг оролдож байна.