Урьд шөнө Ливанд сөрөг хүчний талынхан Бейрутын төвд Серай засгийн газрын ордны өмнө цуглаан хийлээ. «Аль-Мустакбаль» суннит хөдөлгөөн болон Катаиб христийн намын идэвхтнүүд хотын төвийн хэдэн хэсэгт майхан байрлуулав. Жагсагчид Ливаны хэдэн районд гол гол авто замыг хаажээ. Суннит,алавитууд буудалцаж байна гэсэн мэдээлэл Триполиэс ирээд байна. Тусгай албаны удирдагч Висам аль-Хасаныг алсан хэрэг явдал эсэргүүцлийн шалтгаан болов. Христийн шашинтнуудын Ашрафия орон сууцны хороололд минажуулсан автомашин дэлбэрсний уршгаар суннитын генерал ба өөр найман хүн амь үрэгдэж, 100 гаруй хүн шархджээ.

Сөрөг хүчин Нажиб Микати тэргүүтэй засгийн газрыг нэн даруй огцоруулахыг шаардаж, террорын ажиллагааны төлөө хариуцлагыг түүнд тулгав. Хөрш зэргэлдээ Сирийг ч зэмлэж байна. Дамаск аль-Хасаныг хороосонд хамаатай хийгээд Ливанд «улс төрийн аллагын» төлөвлөгөөг бэлтгэж байна гэж тус улсаас дүрвэж зугтсан ерөнхий сайд асан Саад Харири зэмлэв. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас ливаны бүх оршин суугчийг өдөөн хатгасан ажиллагааны хариуд зохих шийдвэр гаргана гэж ерөнхий сайд Микати мэдэгдэв. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн ба НҮБ-ын АЗ өчигдөр Бейрутэд дэлбэрэлт үйлдснийг буруушаагаад буруутнуудыг шийтгэхийг уриалав.