Хятад, японы газар нутгийн маргаантай асуудлын хурцадмал байдал Хятад улс дахь японы эсрэг үзлийг дэвэргэлээ. Бээжингийн Олон улсын харилцааны дээд сургуулийн захирал, олон улсын харилцааны тэргүүлэх шинжээч Ван Цзисы “Асахи” сонинд ярилцлага өгөхдөө, хэт үзлээр цэнэглэгдсэн олон нийтийн санал бодол, Бээжингийн тэнцвэртэй гадаад бодлого хоёрын хооронд хагарал үүсэж байгаад анхаарлаа хандуулсан байна. ОХУ-ын ГХЯ-ны Дипломатын академийн проректор Александр Лукин «Оросын дуу хоолой» радиод зориулан бэлтгэсэн өгүүлэлдээ үндсэрхэг үзлийн өсөлт нь төр засаг эмзэг гэж үзэж байгаа асуудлуудын талаарх мэтгэлцээнд дарамт үзүүлж байна гэж бичсэн байна.

Олон нийтийн санал бодлыг өнөөдөр хятадын засгийн газар илүү анхааралтай сонсох шаардлагатай болж байна гэж Ван Цзисы үзэж байна. Хэрвээ өнөөдөр дэлхий дахинд хятадын байр суурийг ёс зүйгүй увайгүй гэж үзэж байгаа бол харин хятадын иргэд өөрийн засгийн газраа идэвхгүй, өөртөө итгэлгүй гэж үзэж байгаа юм. Урьд нь энэ хандлагад гол төлөв гадаадын ажиглагчид анхаарлаа хандуулдаг байсан бол одоо хятадын шинжээчид ингэж үзэж байгаа нь өөрчлөн байгуулалтын жилүүдийн Хятадын эрчимтэй хөгжлийн жилүүдэд олон нийтийн үзэл бодол хэрхэн хөгжсөнд анхаарал хандуулахыг шаардаж байна.

Өнгөрсөн зууны 80-иад онуудад олон нийтийн санал бодлын мейнстрим гол төлөв барууны үнэт зүйлсүүдээс чиг баримжаа авч байсан, тэр нь ч ойлгомжтой юм. 80-аад оны сүүлчээр засгийн газрын эсрэг хөдөлгөөнийг нухчин дарж байсан нь эдийн засаг амжилттай хөгжиж байсантай зэрэгцсний улмаас ноёрхуу, үндсэрхэг үзлийн хандлагыг бий болгосон юм. “Эмх замбараагүй байдалд хүргэх” барууны үзлийг бодвол хятад онцлогтой ардчилал нь эдийн засгийн хөгжил болон хүмүүсийн амьдралыг дээшлүүлэхэд илүү зохицож байгаа гэсэн албан ёсны ухуулгад олон хятадууд эхлээд итгэдэг байлаа. Харин нийгмийн зарим хэсэг нь засгийн газраас цааш гарч, “шинэ ноёрхуу үзэл” гэсэн үзэл, дэлхийн шудрага ёсны төлөө хятадын ард түмний конфуцийн үнэ цэнэтэй зүйл зэрэг үзэл бодолд хүрсэн байна.

Харин гадаад бодлогын хандлагад энэ нь “хэт зөөлөн байна” гэж засгийн газрыг буруутгах, хятадын үндэсний ашиг сонирхолыг ижил бус хамгаалаж байна гэх мэтээр илэрч байлаа. Мэдээж хэрэг Хятад улсад удирдагчдаа ил тод шүүмжлэх нь хориотой, гэхдээ албан ёсны яриа хэлэлцээтэй санал нийлэхгүй байна гэдгээ сурталчилж болно. Даруу байх, дотоодын хөгжлийн энх тайванч нөхцлийг хангах зэрэг Дэн Сяо Пиний гадаад бодлогын чиглэлд үнэнч байгаагаа хятадын удирдлагууд олон нийтэд зарлаж байгаа ч гэлээ сүүлийн үед өгүүллээ нийтлүүлж байгаа хүмүүс хятадын арми, америкийн арми шиг гадаадад эдийн засгийн ашиг сонирхолоо идэвхитэй хамгаалах, шаардлагатай нөөцөөр улс орноо хангахад оролцох, дэлхийн далай, тэнгист идэвхитэй байх шаардлагатай байна гэж бичиж байна. Хятадууд бусад ард түмнүүдийг бодвол хөгжилд амжилттай оролцож байгаа гэдгээ харуулсан, тэд анхнаасаа л шудрага ёсны төлөө тэмцдэг байсан тул Хятад улсад дэлхийн нөөцийг хувиарлах эрхийг өгөх ёстой гэж уриалахад хүргэсэн байна.

Энэ уриалга нь Хятад улс бол хөгжиж байгаа орон, америкийн сүр хүчинд хүртэл хол байна, дэлхийд 2-р байр эзлэх ч болоогүй гэж зарлаж байгаа хятадын албан ёсны хүмүүсийн мэдэгдэлтэй зөрчилдөж байна. “G-2” гэсэн концепцийг Бээжин албан ёсоор хүлээж аваагүй, Вашингтонтой өргөн хэмжээний сөргөлдөөнд орохыг хүсэхгүй байна. Хятад улс Японыг аль хэдийнээ ардаа орхисон, Америктай үзэлцэхэд айгаад байх юм байхгүй гэсэн санаа олон нийтийн ухамсарт улам бат шингэж байна.

Үндсэрхэг үзлийн урсгалын төлөөлөгчид Хятад улс АНУ-аас жишээ авч, хятадын хууль ёсны шаардлагыг хүлээж авхад бусад улсыг албадахын тулд эдийн засаг, цэргийн арга хэмжээ авах ёстой гэж үзэж байгаа юм. “Хятадыг хүчирхэгжүүлэх” талынхан Бээжин өнөөдөр АНУ, Япон, Филиппин улсуудтай дэнүү зөөлөн харилцаж байна гэж үзэж байна. Тэдний үзэж байгаагаар хүрээлэн байгаа орчноосоо айдаггүй байсан Маогийн эрин үеийг санан дурсаж байна.

Хятадын албаны хүмүүс иймэрхүү санал бодлыг чөлөөт улсад хэн бүхэн чөлөөтэй үгээ хэлэх эрхтэй гэсэн маягтай тайлбарладаг боловч эдгээр нь албан ёсны байр суурийг илэрхийлээгүй гэж бичдэг байна. Тэд хятадын үндсэн эрх ашгийг өргөн хүрээтэй тавихыг удирдлагуудаасаа шаардаж, хятадын гадаад бодлогод нөлөөлж эхлэж байна. Тэдний бодлоор Хятадад Тайвань албан ёсоор багтаад зогсоогүй, хөршүүдтэйгээ маргаантай байгаа газар нутгууд багтаж байгаа ба эдийн засгаа шаардлагатай нөөцөөр хангах асуудал орж байгаа юм байна.

Шинжээчид тэр тусмаа цэргийн шинжээчид энэ болон бусад үзэл бодлуудыг байнга давтаж байгаа нь зөвхөн Хятад улсад ч биш бүх дэлхийд аюултай юм. Өсөн нэмэгдэж байгаа энэ аврагын жинхэнэ төлөвлөгөөнөөс болгоомжилсон хөрш зэргэлдээ улсууд нь Бээжинтэй дайсагналцаж байгаа бүх хүчинтэй нэгдэх нь Хятад улсын хувьд муу юм. Хятадын эсрэг ийм өргөн хэмжээний эвсэл байгуулагдах нь гадаадын нөөц, гадаадын борлуултын зах зээл, зэргээс шууд хамааралтай хятадын эдийн засагт хүндрэл учруулж улс орныг нь хямралд оруулж, нийгмийн донсолгоонд хүргэнэ.

Хятадад хүчээ авч байгаа үндсэрхэг үзлийн ийм номлол нь олон улсын байдалд хүндрэл учруулах учраас дэлхий дахинд аюултай юм. Хятад улс нь зуу гаруй жилийн турш бүх дэлхийн зүгээс доромжлолд өртөж байсан гэж тэд үзэж байгаа бөгөөд одоо хөл дээрээ тогтсон учир өөрийгөө хамгаалж чадах болсон, бас гомдоосон бүхэнд хариуг нь өгнө гэсэн үзэл бодол дээр хятадын үндсэрхэг үзэл суурилсан юм. Энэ номлол нь 20-р зуунд Европ тивийг дайн дажны цусанд умбуулж, зэрлэг аллагад живүүлсэн онолтой тун төсөөтэй байгаа юм.

Энэ онол нь түүхэн бодит байдлыг ч тооцож үздэггүй юм. Хятадын гүрэн улс ялгавлан гадуурхах бодлого явуулж, бусад улс, ард түмнээр байнга өргөжин тэлж байсан бусад эзэнт гүрнүүдээс ялгаагүй юм. Харин төгсгөлд нь дотоодын үр ашиггүй бодлого явуулснаасаа болж хожигдсон юм. Саяхан японы эсрэг эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр болсон шиг өмнөө байгаа бүхнийг сүйтгэн, устгах тийм зэрлэг балмад явдлыг хятадын үндсэрхэг үзлийн номлол өдөөн хатгаж байгаа юм. Харин энэ хүмүүсийн бөөгнөрөл өөрсдийн уур омгоо зөвхөн гадаад улсын эсрэг гаргаад зогсохгүй байж мэдэх юм.

Гарц байна уу? Гарц байна гэж би бодож байна. Тус улсад ямарч үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлж болно гэж хятадын төр засаг худлаа ярьж байгаа юм. Харин тэнд үндэсний цөөнхийн эрх ашгийн төлөө тэмцэгчид, дэглэмийг либералчлахыг хүсэгчид, Барууныхантай бүр нээлттэй хамтран ажиллахыг горилогчид, хөршүүдийнхээ ашиг сонирхолыг тооцон үзэх тийм хүмүүс байгаа шүү дээ. Хор холбогдолоос нь эмээлгүйгээр өөрийн үзэл бодлоо нээлттэй илэрхийлэхэд ийм хүмүүст л хэцүү байгаа юм. Үндсэрхэг үзэлтнүүдтэй нээлттэй мэтгэлцээн явуулах нь тэдний энэ уриалга ньутга учиргүй, ямар аюултай болохыг илэрүүлж өгөх юм.