Хятад улс 2012 онд тансаг хэрэглээний барааны зах зээлээрээ Япон улсыг гүйцэж түрүүлэн дэлхийд хоёрт орно гэж шинжилгээ суддалгааны Бэйн энд Ко компани таамаглаж байна. Эхний байранд АНУ л байна. Дэлхийн “люкс” ангилалын зах зээл 2008 оны хямралын дараа идэвхитэй сэргэж байна. 2012 онд гурван жил дараалан хоёр оронтой тооны хурдтайгаар түүний хэмжээ нь нэмэгдэж байна гэж “Ведмости” сонин өчигдөр Бэйн энд Ко компанийн судалгаанаас иш татан мэдээлсэн байна.

Тансаг хэрэглээний барааны худалдааны хэмжээ энэ оны эцсээр 212 тэрбум евро болох бөгөөд энэ нь 2011 оныхоос 10%-иар их болох юм. Тансаг хэрэглээний барааны зах зээлийн өсөлт энэ жил 11%-тай, 2013 онд 9%-тай байна гэж Кредит Свиссе компанийн шинжээчид үзэж байна. Тансаг хэрэглээний томоохон зах зээлийн дотор анх удаа өөрчлөлт гарна. Гонконг, Макаог оролцуулаад эх газрын Хятадын тансаг хэрэглээний зах зээл 20%-иар өсөж 27 тэрбум евро болж 20 тэрбум еврогоор үнэлэгдэж байсан Япон улсын зах зээлийг гүйцэж түрүүлнэ гэж Бэйн энд Ко компани үзэж байна. Ийнхүү Хятад улс тансаг хэргэлээний бараанд 59 тэрбум евро зарцуулдаг АНУ-ын дараа дэлхийд 2-рт орох юм.

Хятадын хэрэглэгчид зөвхөн хятадын зах зээлийн хувьд ч биш бүх зах зээлийн хувьд маш чухал юм. Тэд тансаг хэрэглээний барааны худалдааны Ази тивийн тал хувийг, Европын гуравны нэгийг эзлэж байна гэж шинжээчид үзэж байна. Мэдэгдэхүйц ашигтай байгаа учир хятадын баян иргэдийн ихэнх нь үнэтэй барааг гадаадад худалдаж авахыг хичээж байна. Ер нь тансаг хэрэглээний бараа худалдан авч байгаа дэлхийн дөрвөн хүн тутмын нэг нь хятад хүн юм.

Түүнээс гадна хятадын дотоодын зах зээл өөрчлөгдөж байна. Урьд нь хятадууд тансаг хэрэглээний барааг бэлгэнд зориулан худалдан авч байсан бол одоо өөртөө зориулан дуртайяа худалдан авч байна. Юу худалдаж авахаа өөрсдөө шийддэг баян эмэгтэйчүүдийн давхарга Хятадад бий болсон байна. Тэд үнэтэй тансаг эдлэлд мөнгөө дуртайяа зарцуулж байна гэж Бэйн энд Ко компани тэмдэглэсэн байна.