АНУ-ын төрийн департамент Сирийн хөрш зэргэлдээ орнуудад хандан агаарын орон зайгаа хатуу хяналтад авахыг уриалав. Түүнчлэн АНУ Дамаскаас Москва руу нисч яваа сирийн нисэх онгоцыг замаас нь албадан буулгасан Түркийн жишээг дагахыг уриалжээ. Вашингтонд Төрийн департаментын төлөөлөгч Виктория Нуланд хэвлэлийн бага хурал дээр энэ тухай мэдэгдлээ. Нисэх онгоцыг албадан буулгах тухай Түркийн шийдвэрийг АНУ дэмжиж байна гэж тэрээр онцлов. Өнгөрсэн долоо хоногт Түркийн Цэргийн нисэх хүчний сөнөөгч онгоцууд Москвагаас Дамаск руу нисч явсан сирийн нисэх онгоцыг замаас нь Анкарад буулгав.

Анкарад албадан буулгасан сирийн нисэх онгоцоор оросын байлдааны хэрэгслийг Сирид тээвэрлэж байсан гэж хожим Түркийн ерөнхий сайд Режеп Тайип Эрдоган мэдэгдсэн билээ. Өрнөдийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн уламжласнаар түркийн мэргэжилтнүүд онгоцноос хураасан ачааг шинжлэн үзэж дуусаагүй. Олон улсын ямар ч конвенциор хориглоогүй хоёр зорилгоор хэрэглэж болом радиолокацын станцын цахилгаан техникийн тоног төхөөрөмж онгоцонд байсан гэж өнгөрсэн долоо хоногт ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдэв. Ачааг албан ёсоор бүртгэсэн юм гэж Лавров тэмдэглэн хэллээ.