Биеэ даасан прокурор Ли Гван Бом Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн ганц хүү Ли Си Хенийг улс орноосоо гарч явахыг хориглох хүсэлт шүүхэд тавьжээ. Ли Си Хен 2013 онд ерөнхийлөгчийн алба хаших хугацаа нь дуусан эцэг Ли Мен Бакын суух орон сууцны байшингийн барилгын эргэн тойрны маргаанд холбогдсон байна. Барилгын ажлын явцад эрх мэдлээ урвуулан ашигласан гэж өмнөд солонгосын сөрөг хүчин сэжиглэсэн учир прокурорын газраас мөрдөн байцааж эхлэв. Прокурорын газраас Ли Си Хенээс гадна энэ хэрэгт хамаатай бас 10 хүнийг улс орноос гаргахгүй байх хүсэлт тавьжээ.

Прокурорын газраас явуулсан мөрдөн байцаах ажиллагаа зөрчил илрүүлээгүй. Гэвч сөрөг хүчин биеэ даасан прокурорыг оролцуулан нэмэлт мөрдөн байцаах ажиллагаа явуулахыг шаардав. 63 хүн түүний дотор биеэ дасан прокурорын хоёр туслах болон цагдаагийн газар, Сөүл хотын захиргааны ба прокурорын газрын төлөөлөгчид мөрдөн байцаах тусгай бүлгийн бүрэлдэхүүнд оржээ. Энэ бүлэг 30 өдөр ажиллах ёстой. Шаардлага гарвал ажиллах хугацааг нь бас 15 өдрөөр сунгана. Ямар байсан ч мөрдөн байцаах ажиллагааны үр дүнг 11-р сарын 29-өөс наана зарлан мэдээлэх ёстой гэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тэмдэглэжээ.