Сири, түркийн хил фронт орчмын зурвастай улам төсөөтэй болж байна. Түрк улстай хил залгаа нутагт байдаг Азмарии хотод сирийн арми болон босогчдын хооронд ширүүн байлдаан болж байна. Босогчид танк булааж аваад засгийн газрын цэргүүд рүү галлаж байна. Армийн цэргүүд босогчдын байрлалд агаараас цохилт өгч байна. Хил зөрчих явдал гаргуулахгүйн тулд түркийн АЦХ-н 2 сөнөөгч онгоцыг хөөргөсөн байна. Байдлыг өдөөн хатгахгүйн тулд Сири улсын исэх хүчин хил орчмын бүсийн агаарын орон зайг орхисон байна.

Энэ бүсийн түгшүүртэй байдлаас болж азаар түркийн нисэх хүчин сирийн хилийг зөрчсөнгүй, сирийн их бууны сум хөршийнхөө нутагт дэлбэрсэнгүй. Хоёр улсын армийн анги нэгтгэлүүд мөргөлдөх магадлал улам нэмэгдсээр байна. Түркийн цэргүүдийг Сири улсын хил руу татах явдлыг хэн нэгэн өдөөн хатгаж байгаа нь харагдаж байна. Сүүлийн 2 хоногт тийшээгээ 60 нэгж хуягт техник болон их бууны анги нэгтгэлийг нэмж татаад байна. 250 танк зэрэг гал нээж, 25 сөнөөгч онгоц агаарт хөөрөхөд бэлэн байна.

Дамаск, Анкара хоёрын хоорондын хямрал дээд цэгтээ хүрч байх үед Москвагаас Дамаск руу нисэж явсан сирийн онгоцтой нэгэн ойлгомжгүй байдал тохиолдлоо. Зэвсэг тээвэрлэж байна гэж сэжиглэсний улмаас энэ онгоцыг түркийн сөнөөгч онгоцууд Анкарагийн нисэх буудалд албадан буулгасан байна.

Энэ онгоцонд зэвсэг байсан гэсэн баталгаа одоо болтол байхгүй байна гэж цэргийн шинжээч Игорь Коротченко «ОДХ» радиод ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна: «Хэрвээ эд мөрийн баримт байвал түүнийг нуудаггүй, судалдаггүй шууд л үзүүлдэг юм. Энэ нөхцөл байдалд бидэнд, нэг юм хураасан ч гэх шиг, түүнийг судлана ч гэх шиг нэг л тийм булингартай түүх яриад байгаа юм. Энэ байдлаас үндэслээд би түркийн энэ ажиллагааг сайн зохион байгуулсан өдөөн хатгалага гэж үзэж байгаа юм. Үнэн чанартаа энэ бол олон улсын агаарын дээрэмдлэг юм. Түрк улсад ийм маягын ажиллагаа явуулах ямарч үндэслэл байгаагүй юм. Тэр тусмаа Сири улс нь НҮБ-ын АЗ-ийн ямар нэгэн хориг арга хэмжээнд ороогүй байгаа шүү дээ. Түүнээс гадна НАТО өөрийн зүгээс дангаараа ямарч хориг арга хэмжээ аваагүй байгаа. Ийм учраас Түрк улсын үйл ажиллагаа нь хууль бус бөгөөд ямарч хууль эрх зүйн хүрээнд хамаарахгүй» гэж тэр ярилаа.

Энэ үйл явдлын дараа зарим нэг ОНХМХ-үүд болон улс төрчид ОУ-ыг сирид хууль бусаар зэвсэг нийлүүлж байгаа гэж яаран буруутгалаа. Энэ ямарч үндэслэлгүй буруутгал гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдлээ: «Энэ онгоцонд ямарч зэвсэг байгаагүй, байх ч ёсгүй. Тус онгоцонд оросын хууль ёсны нийлүүлэгч, хууль ёсны дагуу, хууль ёсны захиалагчдаа явуулсан ачаа л байсан. Энэ ачаа нь Радио локацын станцид зориулсан цахилгаан техникийн тоног төхөөрөмжүүд байсан ба үүнийг ямарч олон улсын гэрээ хэлэлцээгээр хориогүй юм» гэж тэр хэллээ.

Иймэрхүү ачааг иргэний агаарын тээврийн онгоцоор тээвэрлэх нь жирийн л практик ажил юм. Бүх баримт бичгийг бүрэн бүрдүүлсэн байсан гэж сайд тодруулсан байна. Энэ онгоцтой холбоотой явдлыг түрк, сирийн харилцаатай холбон үзэх ёстой гэж улс төр судлаач Борис Долгов үзэж байна: «Энэ нь Түркийн Сири улсын эсрэг явуулж байгаа бодлогын үргэлжлэл юм. Өөрөөр хэлвэл Сири улсын, сирийн төр засгийн эсрэг байлдаж, ард түмнийг нь алан хядаж байгаа хууль бус алан хядах зэвсэгт бүлэглэлийг дэмжиж байна гэсэн үг. Босогчид гэгчдийг бэлтгэдэг лагерь Түрк улсад байгаа ба тэднийг түркийн офицерууд сургадаг юм. Эдгээр зэвсэгт бүлэглэлд зориулсан зэвсгийг Түрк улсын нутаг дэвсгэрээс Сири улсын нутаг руу хууль бусаар дамжуулдаг юм. Өөрөөр хэлвэл Башар Асадын дэглэмийг түлхэн унагаах бодлого үргэлжилж байна гэсэн үг. Энэ бол хил дээр байдал хурцдах болон онгоцтой холбоотой явдал зэргийн үндсэн шалтгаан нь юм».

Ирэх долоо хоногт Дамаск болон Анкарад НҮБ болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Лахдар Брахими зочлохоор төлөвлөж байна. Тэрээр хоёр талыг маш яаралтай эвлэрүүлэхийг оролдож, тус бүс нутагт шинэ орон нутгийн чанартай дайн гарахаас сэрэмжлүүлэх болно.